Хот суурин газрын гамшгийн эрсдлийг бууруулах, гамшгийг тэсвэрлэх чадавхыг сайжруулахад шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ийн Гамшгийн эрсдлийг бууруулах газар хамтран “Хот суурин газрын гамшгийг даван туулах чадвар (Resilience)-ыг бэхжүүлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг есдүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
Хуралд Нийслэлийн засаг даргын тамгын газар, НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч, НҮБ-ийн Гамшгийн эрсдлийг бууруулах газрын төлөөлөл болон Монгол, Япон, БНСУ, ОХУ, Хятад улсын эрдэмтэн, судлаачид оролцож, 30 гаруй илтгэлийг хэлэлцүүллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы тус олон улсын эрдэм шинжилгээний хуралд илгээсэн мэндчилгээг Нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар хүргэлээ.
Энэхүү хурлаар Гамшгийн эрсдлийн засаглал, гамшгийг тэсвэрлэх чадавхтай хот гэсэн сэдвийн дор үндсэн болон хоёр салбар хуралдаанаар газар хөдлөлт, гамшгийн аюул, гал түймэр болон хүний үйл ажиллагаатай холбоотой ослоос урьдчилан сэргийлэх талаар хэлэлцүүлж, ханын 12 илтгэлийг оролцогчдод нээлттэй үзэсгэлэн байдлаар танилцуулж, нийт ирүүлсэн өгүүллээр олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхтгэл хэвлүүлж, нийтийн хүртээл болгосон байна.