Хүүхдийн оролцох эрхийг хангах, хүүхэд өөрийн эрх ашигт нөлөөлж байгаа аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл явцад сайн дурын үндсэн дээр оролцох бололцоог бий болгохын тулд Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс 2017 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн 03 тоот тогтоолоор жил бүрийн 5 дугаар сарын сүүлийн 7 хоногийн Лхагва гарагийг Нийслэлийн “Хүүхдээ сонсох өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Тэгвэл энэхүү өдөр өнөөдөр буюу 5 дугаар сарын 26-ны өдөр тохиож байна.
Шийдвэр гаргах түвшинд хүүхэд үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлэх, мэдээлэл авах, эвлэлдэн нэгдэх эрхээ эдлэх боломжийг хангах зорилгоор “Хүүхдээ сонсох өдөр” –ийг угтан дүүрэг бүрд хүүхдийн чуулганаа цахимаар зохион байгуулсан. Уг чуулганаас гарсан санал санаачилгаа Нийслэлийн засаг дарга бөгөөд Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүнд танилцуулах уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий 9 дүүргийн хүүхдийн төлөөлөл, 9 дүүргийн хүүхдийн элч оролцлоо.
Уулзалтад оролцсон хүүхдүүд өөрсдөдөө тулгамдаж буй асуудлууд, нийгмийн харилцаанд болж байгаа үйл явцын талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэн асуудлуудыг гарган шийдвэр гаргах түвшинд чөлөөтэй дуу хоолойгоо илэрхийлсэн бөгөөд шинэлэг хэлбэрээр болох видео байдлаар танилцуулгуудаа бэлтгэн танилцуулсан.
Ганцхан энэхүү өдрөөр хүүхдээ сонсдог биш өдөр бүр хүүхдийнхээ өмнө тулгамдаж буй асуудлыг сонсож шийдвэрлэж байхын төлөө Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зүгээс дүүрэг бүрд шинээр томилогдон ажиллаж байгаа Хүүхдийн элчүүдтэйгээ хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр хамтран ажиллах юм.
Мөн уулзалтад танилцуулсан санал санаачилгын дагуу бодлого шийдвэртээ тусган, хүүхдийнхээ дуу хоолойг дандаа сонсож, тэднийг дэмжин ажиллахаа мэдэгдсэн.