Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой маргааш тохионо. Ойн хүрээнд “Японы ард түмэнд баярлалаа” арга хэмжээг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т өнөөдөр зохион байгууллаа. Улаанбаатар хотын зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах, сэргээх төслийг Япон улсын Засгийн газрын тусламжаар 3 үе шаттай хэрэгжүүлсэн байна. Энэ хүрээнд манай улсад нийт 100 автобусыг сэлбэг болон техникийн үйлчилгээ засвар хийх барилга, тоног төхөөрөмжийн хамт Япон Улсын Засгийн газраас хүлээлгэн өгсөн юм. Ийнхүү нийт 30 гаруй сая ам.долларын хөрөнгийг хүлээлгэн өгснөөр Нийслэлийн зорчигч тээврийн асуудлыг шийдэж чадсан билээ. Өнөөдрийн арга хэмжээнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд, Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын дарга Ц.Баттөр болон ЖАЙКА байгууллага, Монгол Японы найрамдлын нийгэмлэгийн удирдлагууд оролцсон юм.
Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Монгол Япон хоёр улсын харилцааг хөгжүүлж бэхжүүлэхэд төр засаг, бизнесийн байгууллагуудаас гадна хоёр орны ард түмнүүдийн оруулсан хувь нэмэр их болохыг тодотгоод “1990 оноос хойших нийгмийн шилжилтийн он жилүүдэд Япон Улсын зүгээс үзүүлж байсан тусламж дэмжлэгээр Монгол Улсад тохиолдсон олон сорилт бэрхшээлийг даван туулж чадсан. Зөвхөн эдийн засаг, төрийн тогтолцооны өөрчлөлтөөс гадна тухайн үед Монгол Улсад болсон их зуд, ган гачигт нэрвэгдсэн малчид, ард иргэдэд туслах Японы ард түмний чин сэтгэлийн тусламжийг ч онцолмоор байна. Япон Улс орчин цагийн хөгжил дэвшлийг маш олон салбарт бүтээлцсэний нэг нь өнөөдрийн бидний ирээд буй Улаанбаатар хотын зорчигч тээврийн үйлчилгээний салбар юм. Хоёр орны хагас зуун жилийн хамтын ажиллагаа дараагийн олон зуун жилийн бат бөх харилцааны гагнаас байх болно. Япон Улсын Элчин сайд Таниар болон, ЖАЙКА байгууллага, Монгол Японы найрамдлын нийгэмлэгийн хамт олноор дамжуулан Японы ард түмэнд сайн сайхныг хүсэн ерөөе” гэлээ.
Мөн Япон Улсын Элчин сайд Х.Кобаяши “…Тухайн үед 120 автобусны гараж, техникийн үйлчилгээ, засвар хийх барилга, автобус, тоног төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгч байсан. Түүнээс хойш 24 жил өнгөрсөн ч нэгдүгээр баазын инженер техникийн ажилтнууд тус засварын баазыг ариг гамтай ашигласаар байгааг хараад өнөөдөр их сэтгэл хөдөлж байна…” гэв.
Харин ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч К.Таига Улаанбаатар хотын автозамын сүлжээ болон нийтийн тээврийн засвар үйлчилгээг сайжруулах чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ