“Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах, компанийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, ашигтай ажиллуулах зорилгоор Багануур дүүрэгт хагас коксжуулах үйлдвэр барих шийдвэр гарсан.
Үүний хүрээнд Нүүрс химийн технологийн цогцолбор барихаар төлөвлөөд буй бөгөөд ТЭЗҮ, эхний ээлжийн санхүүжилт нь шийдэгдээд байгаа юм. Тус төслийн явцын талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өнөөдөр Шадар сайдад танилцууллаа.
Нүүрс химийн технологийн цогцолборыг барих ажлын хүрээнд ашиглагдах газрын асуудлууд одоогоор эцэслэгдээгүй байгаа бөгөөд дүүрэг, нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас шийдвэрлүүлэх ажлууд үргэлжилж буйг хэллээ. Мөн үйлдвэрийн ажилчдын 400 айлын орон сууц, 800 хүүхдийн суудалтай сургууль барихаар тусгаад буй аж. Цогцолбор үйлдвэрийг барихад нийт 887 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд эхний ээлжид шаардагдах 200 сая ам.долларыг “Эрдэнэс Тавантолгой” ХК гаргах юм.
“Багануур” ХК-ийн нүүрс нь “Шивээ овоо” компанийн нүүрстэй харьцуулахад илчлэг өндөртэй, чийг, хүхрийн хэмжээ бага байдаг нь судалгаагаар батлагдсан. Иймд Нүүрс химийн технологийн цогцолбор үйлдвэрийг “Багануур” ХК-ыг түшиглэн байгуулахаар тогтсон билээ.
Тус цогцолборыг байгуулснаар 17 МВт-ын хүчин чадал бүхий хийн цахилгаан станц, 80 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц бий болохоос гадна жилд 1 сая тонн хагас кокосжуулсан нүүрс, 60 мянган тонн дизель түлш үйлдвэрлэх боломжтой бөгөөд 2024 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Уулзалтаар барилгын ажлыг энэ оны 10 дугаар сарын 15-нд эхлүүлэхээр болсон бөгөөд Шадар сайд С.Амарсайхан тус төслийн талаар Засгийн газрын хуралдаанд оруулах бэлтгэл ажлыг хангахыг үүрэг болгосон юм.