Соёлын биет бус өвийг хамгаалах, өвлөн уламжлуулах зорилготой “Нүүдэлчин Монгол – 2022” соёлын биет бус өвийн их наадам Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт гурван өдөр зохион байгуулагдаж буй.
Улс, үндэстнийхээ соёл иргэншлийн дархлаа болсон Соёлын биет бус өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх ач холбогдолтой тус наадмын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Соёлын сайд Ч.Номин болон бусад холбогдох албаныхан оролцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус наадмыг нээж хэлсэн үгэндээ “Соёлын салбар авьяас, мэдлэгт суурилсан эдийн засгийн бие даасан салбар болж чадсан цагт л үндэсний нэгдмэл үнэт зүйлийн бодит илэрхийлэл, хөгжил дэвшлийн суурь болох боломж бүрдэхийг дэлхийн жишээ нотлон харуулсаар байна. Үүнийг бид соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж тодорхойлдог.
Оюун санаа, соёл урлаг бол хил хязгаар, орон зайнаас үл хамаардаг хэзээ ч үл шавхагдах баялаг. Монгол Улсын Засгийн газраас соёл урлагийн салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлж, дэлхийд соёлын экспортлогч орон болохын тулд бүхий л дэмжлэгийг үзүүлж, уран бүтээлчид та бүхэнтэй хамтран ажиллана” гэсэн юм.
Энэ жилийн Соёлын биет бус өвийн их наадамд 21 аймаг, нийслэлийн шилдэг өвлөн уламжлагч нар оролцож буй бөгөөд тэд нутаг нутгийн зан үйлийн үзүүлбэр, язгуур урлагийн тоглолт, гар урлалын үзэсгэлэн, соёлын биет бус өвийг таниулан сурталчлах арга хэмжээ, уралдаан, тэмцээн, соёлын бүтээлч үйлдвэрлэл, үзэсгэлэн худалдаа, орон нутгийн онцлогийг харуулсан уламжлалт хоол хүнс, идээ ундааны фестиваль, шилдэг өвлөн уламжлагч болон нүүдэлчдийн хүүхдийн тоглолт зэргийг үзэгч олонд толилуулах юм.