Дэлхийн багш нарын өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар Налайх, Багануур, Багахангай дүүргийн 700 гаруй багшийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Баярын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Монголчууд бид эртнээс нааш “Эрдэм ном эрхэм баян” хэмээн хэлэлцэж, эрдмийн эх багшийг “Оройн дээд” хэмээн хүндэтгэж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн. Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжөөд эдүгээ 101 жилийн түүхээ бичиж явна. Үе үеийн эрдэмтэн багш нарын маань хичээл зүтгэл, ач гавьяагаар мянга мянган шилдэг шавь нар төрөн гарч эх орон, нийслэл хот, төрөлх дүүргийнхээ хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсаар байна. Налайх, Багануур, Багахангай дүүргийн төгсөгчид маань сүүлийн жилүүдэд Элсэлтийн Ерөнхий шалгалтын дүнгээр улс, нийслэлийн хэмжээнд жил бүр түвшингээ ахиулж байгаа нь багш, сурагчдын маань хамтын гавьяа зүтгэлийн үр дүн билээ. Энэхүү амжилтын цуваа цаашид ч улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Намрын чуулганаар хэлэлцэн батлах Боловсролын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд алслагдсан дүүргүүдийн багш нарынхаа цалин урамшуулал, нийгмийн асуудлыг шийдэхэд УИХ, Засгийн газар, нийслэл, дүүрэг бүх шатанд нягт хамтарч ажиллах болно” хэмээгээд Нарт ертөнцөд эгнэшгүй нандин сайхан албаны эзэд болсон Монголын нийт багшаа нарт болон Багануур, Багахангай, Налайх дүүргийнхээ багш нартаа Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, эрдэм номын гэгээн үйлсэд нь их амжилт хүсэн ерөөсөн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар үр бүтээлтэй ажиллаж, хүүхэд багачуудын авьяас билгийг нээн илрүүлж, хөгжүүлэх, сурч боловсрох үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан амжилт бүтээлийг нь үнэлж нийслэлийн Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн багш Х.Мөнхцэцэг, “Гүн галуутай” цогцолбор сургуулийн багш Б.Азбилэг, нийслэлийн Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн багш Л.Лхамжав, 119 дүгээр сургуулийн багш Б.Наранцэцэг, 103 дугаар сургуулийн багш Г.Алтантуяа болон тус дүүргийн Боловсролын хэлтэсийн ахлах мэргэжилтэн М.Нандинцэцэг нарыг Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан бол нийслэлийн Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн Хөгжмийн багш Ч.Байгалмааг Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан юм. Мөн салбарын болон нийслэл, дүүргийн хүндэт шагналаар багш нарыг шагнаж, урамшууллаа.