Уулзалтаар 2023 онд Монгол Улс анх удаа спортын олон төрөлт Азийн залуучуудын наадмыг нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж буй талаар хэлэлцлээ. “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадамд бүс нутгийн 9 орны нийт 1500 гаруй тамирчин 12 төрлөөр өрсөлдөх юм.
Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Наадмыг амжилттай зохион байгуулахын төлөө төр засгийн зүгээс бүхий л талаар дэмжин ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Мөн 2030 онд залуучуудын зуны олимпын наадмыг эх орондоо хүлээн авах хүсэлтээ МҮОХ-гоор дамжуулан ОУОХ-нд илэрхийлсэн. Спортын томоохон арга хэмжээг эх нутагтаа зохион байгуулах нь нийт хүн амыг спортод дур сонирхолтой болгох, хүүхэд залуусыг спортоор дамжуулан зөв боловсон хүмүүжүүлэхэд тустайгаас гадна улс орны эдийн засгийн хөгжилд ч хувь нэмрээ оруулдаг” хэмээгээд спортын наадмуудыг эх орондоо зохион байгуулах бидний зорилгыг дэмжиж, шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо илэрхийлж байхыг хүслээ.