Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 383 жилийн ой өнөөдөр тохиож байна. Түүхт өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотын шав тавьсан Мэлхийт хөшөө, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ. Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Улаанбаатар хотын үе үеийн удирдлагууд, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, НИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нарын албаны хүмүүс оролцсон юм.
Одоогоос 383 жилийн өмнө буюу 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулснаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын шавыг тавьж, гал голомтыг бадраасан өдөр хэмээн үздэг. 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьж байв. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор шав тавьсан газрын хойд хэсэгт дурсгал болгон “Мэлхийт хөшөө”-г 1994 онд босгож, нийслэлийн ойгоор хүндэтгэл илэрхийлдэг уламжлалтай болсон юм.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Бид нийслэл Улаанбаатар хотдоо цахим шилжилт хийх, дижитал хот болгох төлөвлөгөөг албан ёсоор өчигдөр танилцуулсан. Өнгөрсөн хоёр жил цар тахлын амаргүй цаг үеийг хамтдаа даван туулсан ард иргэддээ талархал илэрхийлье” гэлээ. Мөн энэ өдөр Монгол Улсын төрийн далбаа, Нийслэлийн туг мандуулж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба “Монгол улсын Нийслэл Улаанбаатар хот дэлхийн эртний нийслэл хотуудын тоонд ордог. Энэ жил Улаанбаатар хотын 383 жилийн ойтой Монгол улс ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталж, нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний тэгш ой хамт тохиож байна. Өөрөөр хэлбэл иргэд төрийн шийдвэрт төлөөллөөрөө дамжуулан шууд оролцох, ардчилсан чөлөөт сонгуульд саналаа өгөх боломжийг Үндсэн хуулиар тунхаглаж, нутгийн удирдлагын тогтолцоо бие даан хөгжсөний 30 жилийн ой давхар тохиож байгаагаараа онцлог юм” гэлээ.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ