Тус суманд өнгөрсөн 11 дүгээр сард 6 өдөр дараалан цас үргэлжлэн орсны улмаас говь хээрийн бүс нутагт 10-15, уулын бүсээрээ 30-80, хунгарласан хэсгээрээ 100-130 см зузаан цасан бүрхүүл тогтож, өвөлжилт хүндэрчээ. Сумын Онцгой комиссоос эдгээр өдрүүдэд хаагдсан зам, давааг нээж, нүүж байгаа малчдад хүн хүчний дэмжлэг үзүүлэх зэргээр төрийн үйлчилгээг хүргэж ажилласан байна. Мөн өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор тус сумаас бусад аймаг руу 42 өрхийн 11 717, хилийн зурвас газарт 81 өрхийн 63 479, улсын тусгай хамгаалалттай газар нутагт 56 өрхийн 19 180 толгой мал отроор өвөлжиж байгаа юм байна.
Энэ үеэр ажлын хэсгийнхэн малчидтай газар дээр нь очиж уулзан, шаардлагатай зүйлсийг нь шийдвэрлэлээ.
Алтай сумын Бодонч багийн малчин М.Баатар “Манай нутагт хавар хүндрэх төлөвтэй болж байна. Өнгөрсөн 11 дүгээр сараас цас орж, мал бэлчих боломжгүй болсон. Одоогоор гараас өвс, хорголжин тэжээлээр тэжээж байна. Өвс, тэжээлийн үнэ өдөр ирэх тусам нэмэгдэж, мал, малын түүхий эд үнэгүйдэж байна” гэж байлаа.
Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Алтай сумд ажиллах үеэрээ Улсын нөөцөөс өвс тэжээлийг хөнгөлттэй үнээр олгохоор шийдвэрлэж, Эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай, бүрэн тоноглосон авто машиныг хүлээлгэн өгсөн юм.