Дахин боловсруулсан материалын ашиглалтыг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөгөө Apple компани өчигдөр зарлажээ.
Төлөвлөгөөний дагуу тус компани 2025 оноос эхлэн өөрийн брэндийн бүх батарейд дахин боловсруулсан кобальтыг 100 хувь ашиглахаар болсон байна.
Бас 2025 оноос эхлэн Apple-ийн бүтээгдэхүүнүүдийн соронзон эд ангиуд бүгд дахин боловсруулсан газрын ховор элемент ашигладаг болох ажээ.
Мөн тус компанийн бүх хэвлэмэл хавтангуудад дахин боловсруулсан гагнуурын цагаан тугалга, дахин боловсруулсан алтан түрхцийг 100 хувь ашиглах юм байна.
Өнгөрсөн онд Apple компани энэ чиглэлд томоохон ахиц гаргаж, бүх хөнгөн цагааныхаа гуравны хоёрыг, бүх газрын ховор элементийнхээ дөрөвний гурвыг, бүх вольфрамынхаа 95 хувийг дахин боловсруулсан эх үүсвэрээс хангадаг болжээ.
Эцэстээ Apple компани бүх бүтээгдэхүүнээ зөвхөн дахин боловсруулсан материалаар үйлдвэрлэдэг болох юм байна.
“Apple компани үргэлж хүмүүсийн амьдралыг баяжуулах технологийг бүтээхийн зэрэгцээ бидний амьдардаг байгаль дэлхийгээ хамгаалах тал дээр анхаардаг. Бүтээгдэхүүнүүддээ дахин боловсруулсан материал ашиглахаас эхлээд үйл ажиллагаа, үйлдвэрлэлээ цэвэр эрчим хүчээр хангах нь бидний гол зорилт бөгөөд энэ нь бидний хэн болохыг тодорхойлж байгаа юм. Тиймээс бид гайхамшигтай технологи зөвхөн хүмүүст ач тустайгаас гадна байгаль дэлхийд тустай байх ёстой гэсэн итгэл үнэмшлээр хөгжих болно” гэж Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Кук мэдэгджээ.
“Бид хэзээ нэг цагт бүх бүтээгдэхүүнээ зөвхөн дахин боловсруулан материалаар үйлдвэрлэдэг болно. Бас 2030 он гэхэд бүх бүтээгдэхүүнийхээ нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бүрэн саармагжуулах зорилготой. Бид дээрх хоёр зорилгодоо хүрэхийн төлөө бүх салбартаа инновацыг нэвтрүүлж, шуурхайлан ажиллах болно” гэж Apple компанийн байгаль орчин, бодлого, нийгмийн санаачилга хариуцсан дэд ерөнхийлөгч Лиза Жэксон мэдэгдсэн байна.