БНСУ-ын Инчон хотын ИТХ-ын Төлөөлөгчид айлчилж, хотуудын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Төлөөлөгч Д.Ихбаяр, Б.Сүхбаатар, Ч.Раднаабазар болон НИТХ-ын Ажлын албаны дарга бөгөөд Нарийн бичгийн дарга Б.Батбямба нар зочдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Инчон хотын ИТХ-ын Дэд дарга Ли, Бонг Рак, Үйлдвэр, эдийн засгийн хороо, Төрийн захиргаа ба аюулгүй байдал, Соёл, халамжийн хороо, Барилга, замын хөдөлгөөний хорооны гишүүд, ажлын албаны төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.
Уулзалтын эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Хоёр хотын хамтын ажиллагаа цаашид өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Ковид цар тахлаас шалтгаалан хоёр хотын харилцаа гурван жил гацсан хэдий ч хамтын ажиллагаагаа улам хөгжүүлнэ гэж харж байна. Учир нь ковид цар тахал гарснаас хойш бүх улс орон, хотууд бие биеэсээ хамааралтай бөгөөд нэг нэгнийхээ төлөө байх ёстой юм байна гэдгийг улам их ойлгуулсан байх гэж боддог. Энэ удаагийн айлчлалаар Монгол ахуй, Улаанбаатар хоттой илүү танилцаж, хоёр улсын хоорондын харилцаа бэхэжнэ гэж харж байна” гэв.
БНСУ-ын Инчон хотын ИТХ-ын Дэд дарга Ли, Бонг Рак “Монгол улсад тав дахь удаагаа айлчилж байна. Сүүлд айлчилснаас хойш Улаанбаатар хотын өнгө төрх нэлээдгүй өөрчлөгдөж, барилга байгууламж нэмэгдсэн нь анзаарагдлаа. Цаашдаа ч гэсэн Улаанбаатар хотыг өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Манай Инчон хотын хувьд орон нутгийн сонгууль явагдаж, хотын дарга шинээр томилогдсон. Шинэ даргатай болсон манай хот хагас дамжуулагч үйлдвэрлэл, био технологийн чиглэлээр том аж үйлдвэрийн төвүүдийг байгуулснаар санхүүгийн хувьд маш том олон улсын түшиц хот болох зорилт тавин ажиллаж байна. Энэ явцад та бүхэн биднийг дэмжиж ажиллахыг хүсье. Бид хамтдаа хөгжих нөөц боломж бүрэн бий гэж харж байна. Ковидоос шалтгаалан бидний хамтын ажиллагаа зогсонги байсан хэдий ч энэ хэмжээгээр бидний харилцаа цаашид илүү хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байна” гэж хэлсэн юм.