Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай төслийг танилцууллаа. Засгийн газрын 2023 оны 282 дугаар тогтоолын дагуу 500 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд үе шаттайгаар арилжаалах болсонтой холбогдуулан Нийслэлийн 2023 оны төсөвт дараах өөрчлөлт оруулах шаардлага үүссэн талаар төсөл танилцуулагч тодотголоо. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 85 дугаар тогтоолоор нийслэлийн 2023 оны төсвийн хөрөнгөөр нийт 576 тэрбум 237.7 сая төгрөгийн 1124 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан. Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулснаар нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжаалах замаар татан төвлөрүүлсэн 429.1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр ачаалал өндөртэй 14 цэцэрлэг, 7 Бага сургууль цэцэрлэгийн цогцолбор, 11 Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө, 4 сургуулийн барилгын ажлыг санхүүжүүлэх ба Нийслэлийн инженерийн дэд бүтцийн хүртээмж, авто замын байгууламжийн сүлжээг нэмэгдүүлэх төсөл, Налайхын барилгын материалын үйлдвэр технологийн паркийн цахилгаан хангамжийн 2-р ээлжийн барилга угсралтын ажил, Сэлбэ, Дунд голд үерийн далан барих, Сэлбэ сэргэлт төслийн эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажил, шахмал түлшний үндсэн түүхий эд болох хагас кокс болон асаагч худалдан авах ажил болон Андеррайтингийн үйлчилгээний зардлыг тус бүр санхүүжүүлэхээр төлөвлөсөн болохыг танилцууллаа.
Мөн өнөөдрийн хурлаар Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах, Нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх, барилга балансаас баланст шилжүүлэх зэрэг асуудлыг НИТХ-ын Зөвлөлийн гишүүд хэлэлцлээ. Дээрх асуудлуудыг хурлын хороод, намын бүлгийн хурлуудаар хэлэлцэж, НИТХ-ын ээлжит бус XIII хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.