МИК Групп компани анх удаа “Компанийн хүлэмжийн хийн ялгаруулалтын тайлан”-г боловсруулан, олон улсын стандарт, аргачлалд нийцүүлэн ил тод мэдээллээ. Энэхүү алхам нь Монгол Улсад санхүүгийн байгууллагууд хүлэмжийн хийг тооцох, тайлагнах чиглэлээрх бодит жишээ болж буйгаараа онцлогтой юм.
Тус тайланг Дэлхийн нөөцийн институт болон Дэлхийн тогтвортой хөгжил бизнесийн зөвлөлийн хамтран боловсруулсан “Хүлэмжийн хийн протокол” (GHG Protocol), ISO 14064-1:2018 стандарт, мөн санхүүгийн салбарын хүлэмжийн хийг тооцоолох олон улсын PCAF (Partnership for Carbon Accounting Financials) санаачлагын аргачлалд тулгуурлан боловсруулжээ. Энэ хүрээнд МИК нь зөвхөн өөрийн үйл ажиллагаанаас бус, санхүүжүүлсэн хөрөнгө буюу хөрөнгө оруулалт, ипотекийн зээлийн багц зэрэгтэй холбоотой шууд бус ялгарлыг ч хамруулан тооцоолсон байна.
МИК Холдинг ХК 2023 онд “PCAF”-ийн санаачилгад нэгдсэнээр, гурван жилийн дотор өөрийн үйл ажиллагаанаас шууд болон шууд бусаар ялгаруулж буй хүлэмжийн хийн ялгаруулалтыг стандартын дагуу хэмжиж, ил тод мэдээлэх үүрэг амлалт хүлээсэн билээ.
Ийнхүү МИК Групп нь тогтвортой хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх, байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын зарчмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, хүлэмжийн хийн бууралтад хувь нэмэр оруулах стратегийн зорилтыг тууштай хэрэгжүүлж байна.

