Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуяг 2018 оны 12 сарын 19-нд мэдээлэл хийж “Нэгдмэл монгол” хөдөлгөөн байгуулснаа зарласан билээ.
Тэрээр мэдээлэл хийх үеэрээ: “Монголчууд бид эв нэгдэл үнэт зүйлээ сахин хамгаалах ёстой. Намууд шударга бусын үүр болж төр авлигын диваажин болж хувирсан. 65 тэрбумаар наймаалцаж концесс нэрээр төсвийн мөнгийг хэдэн тэрбумаар завшиж гэр бүлийн сайхан амьдрах боломжийг булаасан УИХ-ыг даруй тарааж шударга иргэдийн төлөөллийг дэмжихийн төлөө тэмцэе. Шударга бусын хонгилыг нурааж шударга ёсыг сэргээх цаг ирээд байна. Би ард түмэнтэйгээ нэгдэж нэн яаралтай гурван ажлыг хийнэ.
Нэгдүгээрт, Шударга ёсыг сэргээн тогтооё,
Хоёрдугаарт, Газрын доорх баялгийг ард түмний өмч болгоё,
Гуравдугаарт, Чинээлэг дундаж давхаргыг бодлогоор дэмжиж, бий болгоё
Хууль шүүхийн байгууллагад бий болсон шударга бусын хонгил нийгэм рүү үсэрхийлж байна. Шударга бусын хонгилыг нураая, эрх мэдэлтнүүдэд ээлттэй иргэддээ халтай хууль дүрмийг өөрчилье. Намуудыг өмчгүй болгоё. Сонгуулийг жижиг мажоритор системээр явуулдгийг болъё.
Уул уурхайн бус бусад барааны экспортыг эрс нэмэгдүүлэх шаардлага үүсээд байна. Бүтээн байгуулалтгүйгээр улс хөгжихгүй. Маргаашийг бий болгох бүтээн байгуулалтыг өрнүүлж. Чинээлэг дундаж давхаргыг бодлогоор дэмжье. ЖДҮ-ийг дэмжиж татварыг нь хөнгөвчилнө. Эдийн засгийн ардчилал гэж байхаа больсон. Тиймээс эдийн засгийн ардчиллыг бий болгоно. Монгол хүн монголдоо тайван сайхан амьдарч авч байгаа цалин нь амьдрал нь хүрэлцдэг тийм нийгмийг бүтээн төлөө “Нэгдмэл монгол” хөдөлгөөн байгуулснаа зарлаж байна. Монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүрийг энэ хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна” хэмээсэн юм.
Мөн тэрээр сэтгүүлчдийн асуултанд хариулах үеэрээ “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн нам болно гэдгийг огт үгүйсгээгүй билээ.
Үүнээс хойш даруй нэг сарын хугацаа өнгөрөөд буй ч “Нэгдмэл Монгол Хөдөлгөөн” байгуулах санаачилга төдий л амжилтанд хүрэхгүй байгаа аж.
Нөгөөтэйгүүр угаасаа Ерөнхий сайд асан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуягт жинхэнээсээ нийгмийн хөдөлгөөн зохион байгуулах сонирхол байхгүй, гагцхүү улс төрийн нам байгуулах гэж буй мэтээр АН-ын удирдлагад шахалт үзүүлж, УИХ-ын дараагийн сонгуульд нэр дэвших ахиухан квот өөрийн багтаа авах сонирхол л байж мэдэх тухай эх сурвалж өгүүлж байна.
Ер нь АН-ын лидерүүд сүүлийн үед өөрийн “халаасны нам”-тай болох хачирхалтай үзэгдэл гарч эхэлсэн бөгөөд саяхан Улсын дээд Шүүхэд бүртгүүлсэн Гэр Хороолол Хөгжлийн Нам гэхэд л Монгол Улсын Баатар Э.Бат-Үүлийн туслах, хэвлэлийн төлөөлөгчдийнх нь байгуулж, удирддаг нам байх жишээтэй. Энэ нь тухайн улс төрчид нам байгуулж, санал хуваалцах эрсдэлийг АН-даа зохиомлоор үүсгэж, түүгээрээ намын удирдлагадаа шахалт үзүүлж, тодорхой асуудлаар тохиролцоонд хүрэх, мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх боломж олгох нөөц нам болгохын төлөө ажиллах гэх мэт олон зорилготой байдаг бололтой.
Ч.Явуу
sonin.mn