“Петровис” ХХК-ийн ТУЗ-ийн дарга асан, түүний охин компани “НИК” ХХК-ийн ерөнхий захирал асан, “Петровис” группийн хувьцаа эзэмшигч Чойндонгийн Даваанямыг эхнэр Самбалхүндэвийн Шагдардуламынх нь хамт уржигдар АТГ-аас дуудаж байцаалт авч, компанийнх нь байранд нэгжлэг хийсэн.
Орой нь Ч.Даваанямыг ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.
Ч.Давааням бол 1997 оны тавдугаар сарын 15-нд Ш.Отгонбилэг агсан, “Петровис групп”-ийн одоогийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл нарын хамт “Петровис” ХХК-ийг байгуулж байв.
Тухайн үед “Петровис” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүний импорт, худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахаар байгуулагдаж байжээ. Өдгөө тус компани групп болон өргөжиж доороо “НИК” ХХК, “Петростар” ХХК, “Петровис трейдинг” ХХК, “Петротрак” ХХК, “Петровис тос” ХХК, “Юнигаз” ХХК, “Петровис ресурс” ХХК, “Петро матад” ХХК зэрэг охин компаниудтай. Өөр бусад олон компанид хувьцаа эзэмшиж хамтардаг болоод байгаа юм.
Ч.Даваанямаас гадна түүний том охин Д.Энхчимэг ч “Петровис” группийн хувьцаа эзэмшигч юм. Тус компанийн ерөнхий захирлаар ажиллаж байсан тэрээр өдгөө хувьцаа эзэмшигчийн байр сууринаас группийнхээ үйл ажиллагаанд оролцдог байна. Үүнийхээ зэрэгцээ нөхрийнхөө хамт байгуулсан “Mongol ID” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад одоо ТУЗ-ийн гишүүний үүрэгтэй болсон байна. Ер нь бол Ч.Даваанямын охин Энхчимэг нь “Петровис” групп, түүний охин компани “НИК” ХХК, мөн “Mongol ID” ХХК-иар овоглодог нэгэн юм.
Ч.Даваанямын оффшор дахь 4.3 сая ам.долларыг АТГ-ынхан оруулж ирсний дараа, 2017 оны арванхоёрдугаар сард “Петровис” группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл “…Ч.Давааням бол манай компанийн хувьцаа эзэмшигч. С.Баяртай холбоод байхаар нь мөнгөө оруулж ирсэн юм шиг байна лээ. Түүнээс биш энэ хүн оффшорын эсрэг хуультай холбогдох ч хүн биш” гэж мэдэгдэж байлаа.
Үнэхээр ч Ж.Оюунгэрэлийн хэлснээр компанийнх нь хувьцаа эзэмшигч Ч.Даваанямын оффшорын асуудал Ерөнхий сайд асан С.Баяртай холбогддог.
2015 онд Панамын хуулийн фирм болох дэлхийн дөрөв дэх том оффшор үйлчилгээ үзүүлэгч “Mossack Fonseca” компанийн мэдээлэл алдагдаж, урьд байгаагүй их хэмжээний нууц материалуудыг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум олны хүртээл болгож байв.
Тэдний дэлгэсэн 200 гаруй улсын 214488 холбогдогчтой 11.5 сая орчим материал дунд 1977 оноос 2015 он хүртэлх 40 жилийн хугацаан дахь цахим шуудангууд, санхүүгийн тайлан, пасспорт зэрэг чухал мэдээллүүд багтсан байдаг.
Гэхдээ 2016 оны тавдугаар сарын 10-нд дэлхий даяар бүрэн утгаар нь ил болгосон. Үүгээр Панамын оффшор бүсийн мэдээлэлд монголын хэд, хэдэн улстөрчийн нэрс бичигдсэн байлаа.
Тэдний дунд “Петровис” группийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ч.Давааням багтаж, ингэхдээ Ерөнхий сайд С.Баяртай холбогдон гарч ирсэн юм.
Тодруулбал, Ч.Давааням нь Хятадын Тайваниас 2011 онд оффшор бүст бүртгүүлсэн байдаг. Харин түүний эхнэр С.Шагдардулам мөн л тэр жил Виржинийн аралд компаниа бүртгүүлсэн байв.
Эхнэрийнх нь компани 2016 оныг хүртэл бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн бол Ч.Даваанямын компани дампуурсан байв.
Харин дээрх хоёр компани нь ММС буюу “Монголиан Майнинг Корпораци”-аас хувьцаа эзэмшдэг. Мөн тэд Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой болох хэд, хэдэн баримт гарч ирсэн юм.
Тухайлбал, http://golomt.files.wordpress.com/2015/04/references1.docx хаягаас иш татвал, 2010 оны хоёрдугаар сарын 9-нд С.Баярын эхнэр Эрдэнэбилэгийн Сувд гэдэг бүcгүй Ч.Давааням, Даваанямын эхнэр C.Шагдардулам нарын хамт “4516 NE 38th Street, Seattle-University District, WA 98105” хаягтай байшинг 1.290 сая ам.долларaap худалдан авчээ. 372 кв. метр талбайтай дөрвөн унтлагын өрөөтэй энэ байшинд С.Баяр, Э.Сувд нар амьдарч байсан байна. Харин 2012 оны арванхоёрдугаар сарын 26-нд Э.Сувд Вашингтон мужид “Gundel” нэртэй компани бүртгүүлсэн байна. 2013 оны нэгдүгээр сарын 10-нд Э.Сувд, Ч.Давааням түүний эхнэр C.Шагдардулам нарын эзэмшигчид байшингaa “Gundel” компанид бэлэглэжээ. Компанийн бүртгэл (Office of the Secretary of State) вебсайт дээр байдаг тул http://www.sos.wa.gov/corps/ линкээр орж компанийн нэрийг хайж үзэх боломжтой юм байна.
Мөн Ч.Давааням 2009 оны нэгдүгээр сарын 20-нд 1710 N Dexter Avenue #A, Seattle, WA 98109 хаягтай байшинг 409 мянган ам.доллараар худалдаж авсан. Түүнийгээ 2011 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр “VODA” ХХК-д бэлэглэсэн байдаг. Тэр байшинд Баярын Хонгор, түүний ээж Оросоогийн Гэрэлтуяа нар амьдарч байв.
Түүнчлэн Ч.Давааням 2008 оны тавдугаар сарын 28-ны өдөр 6539 SW 41st Ave, Seattle, WA 98136 хаягтай байшинг 995 мянган ам.доллараар худалдаж аваад 2011 оны нэгдүгээр сарын 10-нд С.Баярын анхны эхнэр Оросоогийн Гэрэлтуяад бэлэглэсэн баримт гарч ирсэн.
Эдгээрээс үүдээд Ч.Даваанямыг Ерөнхий сайд асан С.Баярын хөрөнгийг эргэлдүүлсэн гэх ойлголт, хардлага Монголын нийгмийн бүхий л хүрээнд, хууль хяналтынханд суучихсан байгаа. Тиймээс АТГ-ынхан ажилласаар Ч.Даваанямын 4.3 сая ам.долларыг оффшороос оруулж ирж байв.
Үүнээс үүдээд С.Баяр энэ их хөрөнгө мөнгийг хаанаас олсон бэ гэдэг асуулт зүй ёсоор гарч ирсэн. Харин АТГ-ынхан Ерөнхий сайд асан С.Баярыг Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээг батлахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр баривчлан саатуулсан юм.
Тус газрынхан 2018 оны зургадугаар сарын 25-нд С.Баярын хэргийн талаар “…Хэрэг шалгалтын шатандаа явж байна. Өргөн хүрээг хамарсан хэрэг тул хугацаа их шаардагдаж байна. Хэн нэг албан тушаалтан, хэсэг бүлэг хүмүүсийн шахалт, шаардлагаар аливаа хэрэг, асуудлыг шуурхай шийдвэрлэнэ гэж байхгүй. Бид шаардлагатай баримт, бичгүүдийг цуглуулж, шалгалт хийдэг. Хүний гэм буруутай, буруугүй гэдэг асуудал яригдаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд яллах, эсвэл цагаатгах нотлох баримтыг прокурорын хяналт дор цуглуулдаг. Энэ чиг үүргээ биелүүлж, хуульд заасан ажиллагаагаа үргэлжлүүлж байна” гэж мэдээлж байлаа.
Түүнийг дээрх хэрэгт шалгаж гурван сар хориод сулласан юм.
Үүнээс хойш хагас жил орчим болсны дараа оффшорын хэрэг ийн босч ирлээ. Дээр хэлснээр Ч.Давааням нь С.Баярын хөрөнгийг “эргэлдүүлдэг” байсан байх магадлал маш өндөр. Тиймээс Ч.Даваанямыг ийн баривчлан саатуулсан оффшорын хэрэг хэмээх “олс”-ны үзүүр Ерөнхий сайд асан С.Баяр руу хөдлөх нь бараг тодорхой болчих шиг боллоо.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин