Сүүлийн үед Монгол Улс ШХАБ-д элсэхтэй холбоотой шуугианыг ямар нэг аргаар дарахын тулд, олон нийтийн анхааралд өөр сэдвийг “сэвж” эхлэв. Ингэснээр ШХАБ-д элсэх асуудлыг мартагнуулна гэж тооцжээ.
Ерөнхийлөгчийн зүгээс энэ талаар дорвитой ажиллахыг зарим хүнд даалгасан байх магадлалтай байна. Түүнийг хэрэгжүүлэгч нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ байх тун өндөр магадлалтай. Тэрбээр засгийн “гал тогоо”-нд ормогцоо л нийтийн анхаарлыг зарим сэдвээр татах оролдлогыг хийж эхэлсэн байх юм.
Тухайлбал, сайд болмогцоо 1990 оноос хойш хийсэн өмч хувьчлалыг шалгах ажлын хэсэг байгуулж, өмч шамшигдуулсан нөхдөд хариуцлага тооцох тухай асуудал хөндсөн. Гэхдээ эл үйлдэл нь даалгавар өгсөн эзнийхээ цэрэгт “алгадуулснаар” нам жим болсон. Харин нийтийн анхаарлыг татах гэж яваад өөртөө гай дуудах шахсан түүнд Эрдэнэтийн 49 хувийг “ноцох” нь зөөлөн боорцог болж харагдав. Нөгөө талд нь Стандарт банкинд алдах дээрээ тулаад буй 51 хувийн маш том гэмт хэрэг бэлэн байтал заавал 49 хувийг эзэмшигч “Монголын зэс корпорац”-тай тэрсэлдээд эхэлсэн нь сэдэв амжилттай шуугиан тарихыг тооцоолсон хэрэг. Үүний цаад санаа нь чухамдаа ШХАБ-д Монгол Улс яаралтай элсэх асуудлыг дарагдуулахад л оршиж буй гэж ойлгогдоод эхэллээ.
Ерөнхийлөгчийн зүгээс өнгөрсөн жил шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх санаагаа цухуйлгасан боловч олон нийт, олон улс судлалын эрдэмтэд туршлагатай дипломатчдын эсэргүүцэлтэй тулгарч тэгэсхийгээд намдсан. Харин сүүлийн үед ШХАБ-д элсэх ажлыг эрчимжүүлэхээр зүтгэж эхлэв. Гэхдээ олон нийтийн анхаарлыг үүнээс холдуулахын тулд нийгмийн сүлжээнд “сэвэх” сэдэв хэрэгтэй болжээ. Өмнө нь ШХАБ-д элсэх асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдэхийг уриалсан хөдөлмөрийн үндэсний намыг “балбаж” нэр хүндийг унагах арга хэмжээ авсныг энд дурдахад илүүдэхгүй. Ийм л учраас ШХАБ-ыг хэлэлцэхийн тулд олны анхаарлыг өөр тийш сарниулах чухал даалгавар өгөгдсөн байх магадлалтай.
ШХАБ-д одоогоор манай улс Афганистан, Беларус, Иран улсын хамт ажиглагчийн статустай байна. Харин элсэж орвол ОХУ, БНХАУ, Казахстан, Кыргызстан, Тажикстан, Узбекистан, Энэтхэг, Пакистан зэрэг орны араас ШХАБ-д нэгдсэн ес дэх орон болох юм. Үүнд элсэхийн эсрэг Монголын нөлөө бүхий дипломатч, эрдэмтэд, улстөрчид зогсож байгаа учир энэ сэдвийг олны анхаарлаас холдуулж, шийдэх гарцыг эрэлхийлж байна. ШХАБ-д элсэхийн эсрэг ахмад дипломатч Ц.Гомбосүрэн хэлэхдээ “Манайхыг ШХАБ-д элсүүлэхийн цаана манай улсын гурав дахь хөршийн бодлогыг саармагжуулах санаа байгаа гэж бид “хардах” эрхтэй. Дахин хэлэхэд, болзошгүй “хуваагдмал” ертөнцөд бид хэний ч талд орох ёсгүй. Хоёр хөрш, гурав дахь хөршийнхөө бодлогын үзэл баримтлалаар явах ёстой” гэсэн юм. Мөн гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Нэг талаас улс төрийн, нөгөө талаас цэргийн блок болох өндөр магадлалтай гэж харж байна. Их гүрнүүдийн харилцаа хаашаа, яаж хөгжих, ерөнхий хандлага хаашаа байна, энэ тал дээр Монгол Улс ямар байр суурьтай байх, уг хандлагаас болоод ямар дарамт шахалт ирэх вэ гэдгийг олон талаас нь харах ёстой. Тиймээс одоохондоо ШХАБ Монгол Улсын эдийн засагт шаардлагагүй гэж үзэж байна” гэсэн юм. Үүн дээр хүмүүнлэгийн их сургуулийн олон улсын харилцаа, нийгмийн сургуулийн захирал, доктор, профессор Д.Уламбаярын “ШХАБ-д ОХУ болон БНХАУ-ын байр суурь давамгайлдаг. Үүнд бид гарын үсэг зурж, нэгдээд байж болохгүй. Бид хэзээнээс ШХАБ-д “ажиглагч” статустай явж ирснээрээ, энэ хүрээндээ ажиллаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой.” Гэсэн үг жинтэй байр суурийг эзэлж байна. Олон нийт ч дээрх эрхмүүдийн үгийг таашааж “яарвал даарна” гэсэн хандлагатай болсон. Меморандумаа сайн ул үндэстэй хийгээд, 2020 онд болох Челябинскт өргөн барихаар шийдвэл тохиромжтой талаар социологич И.Цэрэнхүү манай сонинд бичсэн нийтлэлдээ тодорхой өгүүлсэн бий.
Ийм тохиолдолд ШХАБ-д элсэх асуудлыг хүчээр шийдэхийн тулд нийгмийн анхаарлыг Эрдэнэтийн 49 хувийн асуудалд хандуулах нь цаг хожих, араар нь хүслээ гүйцэлдүүлэх агуулгатайг тодорхой харуулж байна. Тэр ч байтугай Ерөнхийлөгч Х.Баттулга Оросуудад “Монголын зэс”-д худалдсан 49 хувиа буцаагаад авчихаач гэж хэлж байсан аж. Үүнийг тус корпорацийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхбаатар мэдэгдсэн. Тэрбээр “Төрийн өндөр дээд албан тушаалтнууд л ийм зүйлийг Оросуудтай шууд ярих боломжтой. Энэ талаар Ростехийн зүгээс бидэнд мэдээлсэн” хэмээсэн юм. Оросуудтай уулзсан төрийн өндөрлөг гэхээр Монгол Улсад одоохондоо Ерөнхийлөгч Х.Баттулга л юм. Ерөнхийлөгчийн санаархал, Засгийн газрын зорилготой нийцэж буйг энд дурдууштай. Засгийн газрын зүгээс хэзээ мөд шүүхээр хэлэлцэх гэж байгаа Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалсан хэргийг олны анхаарлаас дүйвүүлэх чиглэл барьж байгаа нь ч илэрхий байна.
Эх Сурвалж: Засгийн газрын мэдээ