Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд, Засгийн газрын 13-р байр буюу Зам тээврийн хөгжлийн яамны байранд гарсан хүн амины хэргийн сэжигтэн Б.Махбалыг гэм буруутай эсэхийг шүүх хурал өнөөдөр 10:45 цагт эхэлсэн ч, шүүх бүрэлдэхүүн хурлыг хойшлуулах шийдвэр гаргалаа.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг шүүх хуралд ирээгүй, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд шинээр өмгөөлөгч нэмж оролцуулах, хавтаст хэргийн материалтай танилцах үндэслэлээр хүсэлт ирүүлсэн байх тул шүүхээс яллагдагч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны 10 цаг хүртэл хойшлууллаа.
Өнөөдрийн хуралд Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэл оролцсон боловч бусад гэрчүүд хуралд ирээгүй юм.