2007 оны аравдугаар сарын 25-ны өдөр АТГ-ын анхны дарга Б.Дангаасүрэн агсан хилийн чинадад, учир битүүлгээр амиа алдсан байдаг. Талийгаачийн дүү Б.Дансал ахынх нь үхэлтэй холбоотой эргэлзээ дагуулсан олон асуудал байдаг гэдгийг он цагтай нь, хамаарах хүмүүсийнх нь нэр устай хэлдэг.
АТГ-ын тав дахь даргаар хэнийг томилох вэ гэдэг асуудал улс төрийн хүрээнд яригдаж буй энэ үед анхны даргынх нь амиа алдсан үйл явцыг, тухайн үеийн нөхцөл байдлыг нэхэн сануулах үүднээс талийгаачийн дүү Б.Дансалтай ярилцлаа.
-Таны ах Б.Дангаасүрэн агсан амиа алдсанаас хойш 13 дахь жилээ дамнаж байна. Эдгээр жилүүдэд Авлигатай тэмцэх газар /АТГ/ хэд хэдэн даргын нүүр үзлээ. Энэ өдрүүдэд ч дараагийн дарга хэн байх вэ гэдэг асуудал яригдаж байна. Таны хувьд энэ газартай том сэжимээр холбогдохын хувьд үйл явцыг нь үргэлж харж, анзаарч байдаг болов уу?
-2006 оны арванхоёрдугаар сарын 28-нд АТГ-ын статус УИХ-аар орж батлагдсан шүү дээ. Тэр өдөр манай ах анхны даргаар нь томилогдсон. 2007 оны аравдугаар 25-нд амиа алдахаас хэдхэн хоногийн өмнө буюу 7-ны өдөр АТГ мөрдөн байцаах эрхээ авсан байдаг юм. Ах АТГ-ын даргаар томилогдоод нэг жил ч хүрээгүй Австралийн Сидней хотод бурхан болсон.
АТГ бол Монгол Улсад, ялангуяа зах зээлийн нийгэмд байх ёстой, ажиллах ёстой бүтэц гэж боддог. Гэхдээ сүүлийн үед өрнөөд байгаа үйл явцуудыг гаднаас нь ажиглаж байхад улс төрийн айхтар давалгаан дотор энэ байгууллагыг удирдаж авч явна гэхэд хэцүү болсон байна. Сүүлийн томилогдсон дарга нар дандаа л хүний хараан дор, нөлөөн дор ажиллаж байна. Ахыг амиа алдсаны дараа Ч.Сангарагчаа томилогдсон. 2.6 жилийн ял аваад таслагдсан. Түүний дараа томилогдсон Н.Ганболд мөн л дарамтан дор тэтгэвэртээ гарах нэрийдлээр ажлаа өгсөн. АТГ-ын дөрөв дэх даргаар ЗЦГ-ын дарга байсан Х.Энхжаргал томилогдсон. Энэ хүмүүстэй уулзаж, ярилцаж л байсан. Ер нь энэ албыг авч явна гэдэг өнөө цагт их хүнд ажил шиг байгаа юм. Ч.Сангарагчаа даргаас хойшх дарга нарыг хараад байхад дандаа хүний үгээр ажлаа хийж байгаа нь ажиглагдаад байгаа. АТГ-ын дэд дарга гурван удаа солигдсон. Анхны дэд дарга Д.Сундуйсүрэн гэж мундаг хүн байсан.
Ахыг ажиллаж байх үед Тамгын хэлтсийн дарга нь Д.Алтангэрэл гэж хүн байсан. АТГ-ын нэр хүндийг анх унагасан хүн бол энэ Д.Алтангэрэл, Дүн шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн Б.Энхтуяа нарын хүмүүс. Тэд 2007 оны аравдугаар сарын 25-ны өглөө Монгол Улсын төрд мэдээлэл өгөхдөө худлаа мэдээлж байгаагаас эхэлдэг л дээ.
Тэр үед ахаас гадна АТГ-аас таван хүн явсан байдаг юм. Дээр нь төслийн удирдагч, орчуулагч А.Өлзийбаяр гэдэг эмэгтэй, тагнуулаас н.Хурц гэж хүн хамт явсан байдаг. Эндээс аравдугаар сарын 22-нд нисч, 22-ныхоо орой Сөүлд хоносон. 23-ны орой Сиднейд очоод, 24-нд анхны хуралдаа бүгдээрээ орсон. Тэгээд л 24-25-нд шилжих шөнө, 25-ны үүрээр ах бурхан болсон байдаг юм. Харин Д.Алтангэрэл, Б.Энхтуяа нар Монгол руу мэдээлэл өгөхдөө худлаа ярьсан. Тэндээс эхлээд л АТГ хүнийг айлгадаг, хорьдог, цагддаг буруу дэглэм, буруу жишиг рүү явчихсан. Уг нь Монголын улс төр, эдийн засагт зөв зүйтэй ажил хийх юм бол АТГ шиг их ажилтай газар байхгүй баймаар. Шударга ажиллах юм бол тэднийх шиг нэр хүндтэй байгууллага байхгүй баймаар шүү дээ.
-Уг нь тийм. Гэвч илүү эрх мэдэлтэйгээс нь хамаарч ажиллаж байна гэсэн шүүмж үргэлж л АТГ-ыг дагаж байна. Ахыг тань АТГ-ын даргаар томилж байсан үеийн улс төрийн нөхцөл байдлыг, нөлөөллийг эргэн саная л даа. Миний сонсож байснаар таны ахыг 200 хуульчаас шалгаруулж, нэрийг нь дэвшүүлсэн гэдэг юм билээ?
– 2006-2007 он гэдэг чинь УИХ-ын даргаар Ц.Нямдорж, Ерөнхий сайдаар Сү.Батболд, Ерөнхийлөгчөөр Н.Энхбаяр ажиллаж байсан. Хүмүүс надаас “Танай ахыг чинь авлигын загалмайлсан эцэг Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс зохион байгуулалттайгаар алчихсан юм биш үү” гэж асуудаг л даа. Миний бодлоор тэр олон хуульчаас шигшиж тавьсан хүнээ хорлох, сүйрүүлэх ажлыг хийгээгүй байх. Н.Энхбаяр дарга Ерөнхийлөгч байхдаа 2006 онд 200 гаруй хуульчаас шигшиж, материалтай нь танилцаад, бараг хоёр гурван сар судалсан байдаг юм. Тэгж байж даргаар ажиллах боломжтой хүн гэж тавьчихаад, эргүүлээд тэр хүнийгээ хорооно гэж бодохгүй л байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу