“Wikileaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийг Их Британийн нийслэл Лондон хот дахь Эквадорын Элчин сайдын яамнаас баривчилсан байна. Ж.Ассанж нь тус Элчин сайдын яаманд 2012 оноос хойш орогнож байсан юм.
Эквадорын Ерөнхийлөгч Ленин Мореногийн хэлснээр, Ж.Ассанж олон улсын конвенцуудыг удаа дараа зөрчсөнтэй холбогдуулан түүний орогнолыг цуцалсан ажээ.
Харин “Wikileaks” цахим хуудас “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, Эквадор улс Ж.Ассанжийн улс төрийн орогнолыг хууль бусаар цуцалсан гэжээ.
“Цагдаагийн ажилтнууд Ж.Ассанжийг баривчилсан. Хамтран ажилласан Эквадорын эрх баригчдад талархал илэрхийлье. Хуулийн өмнө хүн бүхэн тэгш эрхтэй” гэж Их Британийн Дотоод хэргийн сайд Сажид Жавид албан ёсоор мэдэгдээд байна.
Одоо Ассанж Лондон хотын төв дэх цагдаагийн байранд хоригдож байгаа бөгөөд удахгүй гэмт хэрэгт шалгагдаж байхдаа батлан даалтын нөхцлийг зөрчсөн хэргээр шүүгдэх гэнэ. Үүний дараа Британий засгийн газар түүнийг АНУ-д шилжүүлэн өгч магадгүй байна.
Эквадорын ерөнхийлөгч мэдэгдэлдээ “элчин сайдын яаманд орогнох хугацаандаа бусад улс орнуудын дотоод хэрэгт хутгалдаж, олон улсын хууль дүрмийг удаа дараа зөрчсөн тул” эрхийг нь цуцалж, баривчлуулахаар шийдсэн гэжээ.
Хамгийн сүүлд 2019 оны нэгдүгээр сард Ассанж Ватиканы засгийн газрын бичиг баримтыг Викиликс сайтдаа нийтэлснийг жишээ болгон дурдсан байна.
Ассанж болон Эквадорын засгийн газрын хооронд элчин сайдын яамны байранд юуг хийж болох, болохгүй талаар маргаан удаан хугацаанд үргэлжилж байсан юм.
Одоо 47 настай, Австралид төрсөн программ зохиогч Жулиан Ассанж нь 2006 онд Викиликс сайтыг үүсгэн байгуулалцаж, эрхлэгчээр нь ажиллаж байхдаа дэлхийн улс орнуудын төрийн нууцад хамаарах материалуудыг ил болгож, алдаршсан байна.