Монголын Буудлага спортын шигшээ багийн “Токио 2020” Олимпийн наадамд оролцох эрх нэгээр нэмэгджээ.
Тодруулбал БНХАУ-ын нийслэл Бээжин хотод 04 дүгээр сарын 20-29-ны өдрүүдэд зохиогдож буй Дэлхийн цомын цуврал тэмцээний 10 метрийн хий гар бууны төрлөөр ОУХМ Э.Даваахүү Олимпийн наадмын эрхээ авчээ.
Ийнхүү Монголын Буудлага спортын тамирчдаас “Токио 2020” Олимпийн наадмын эрэгтэйчүүдийн ангилалаас анхны эрхийг авсан ОУХМ Э.Даваахүүдээ Монгол түмнийхээ өмнөөс баяр хүргэхийн зэрэгцээ Олимпийн наадмын медальтан болохыг ерөөе.
ОУХМ Э.Даваахүү нь Дэлхийн аваргын хос хүрэл медаль хүртэж байснаас гадна 2015 онд Дэлхийн оюутны зуны “Универсиад” XXVIII наадмын алтан медаль болон тус наадмын багийн төрлөөс мөнгөн медаль зэргийг хүртэж байсан билээ.