Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15
дугаар сургуулийн 529 хүүхэд сүрьеэгийн халдвар авсан нь шинжилгээгээр
батлагджээ гэх мэдээлэл тархаад байгаа билээ. Тэгвэл уг мэдээллийг
холбогдох албаны хүмүүсээс тодруулахад 38 хүүхэд, 1 багш сүрьеэ өвчний
халдвартай гарсан гэв.
Иймээс өнөөдөр эцэг эхчүүдийн зүгээс халдварын тархалтыг зогсоох,
дамжуулахгүй байхад чиглэсэн шийдвэртэй алхам хийхийг 15-р сургуулийн
удирдлага, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ийнхэнд шаардлага хүргүүллээ.
БСШУЯ-ны сайд Ё.Баатарбилэг “Сургуулийг түр хаах эсэх асуудлыг мэргэжлийн байгууллагын зааврын дагуу ажиллана. ХӨСҮТ-ийн захиралтай өчигдөр ярьсан. Тэд нарийн үзлэг, шинжилгээгээ хийж байгаа юм билээ. Хэрвээ шаардлагатай бол авах арга хэмжээгээ авна. Шинжилгээний хариу эцсийн байдлаар гараагүй байхад сүрьеэ өвчнөөр өвчилсөн хүүхдийн тоог нарийн хэлэх боломжгүй. Хичээлийг түр зогсоох гэхээр төгсөх ангийн шалгалт, анги дэвшин суралцах гээд шалгалтын цаг үе. Энэ хичээлийн байранд үйл ажиллагаа явуулж болохгүй гэвэл шаардлагыг холбогдох албаныхан гаргавал яаралтай арга хэмжээг манай яамнаас авна. Үнэхээр 2015 онд сүрьеэ өвчин тархаад нууцалж байсан бол бүх шатны байгууллагуудыг шалгаж, хариуцлагын асуудал яригдана” гэсэн хариуг өглөө.
Харин ЭМЯ-ны сайд Сарангэрэл “Ийм асуудал гарсанд маш их эмзэглэж байгаа. 2015 оноос 15-р сургуульд ХӨСҮТ-нь тогтвортой тандалтыг хийж байсан. Ялангуяа эцэг эхчүүд хүүхдэд өгөх эм нь элгийг гэмтээдэг гэдэг асуудалд санаа зовоож байна. Зайлшгүй эмчлэх шаардлагатай юу гэдгийг эцэг, эхчүүд ХӨСҮТ-д тавьжээ. 38 хүүхэд нэг багш урьдчилсан байдлаар сүрьеэгийн халдвар авсан байна гэдэг оношийг ХӨСҮТ-өөс гаргасан. Одоо эмчилгээний асуудал яригдаж байна. Эцэг, эхчүүдтэй уулзаж зөвлөгөө өгөхөөр ХӨСҮТ-тэй хамтран ажиллах асуудал яригдаж байгаа. Өвчтэй багшийг эдгэсэн гэх бичгийг ХӨСҮТ өгдөггүй. 15-р сургууль дээр өвчтэй багшийг ажилд тавьсан асуудлыг ЭМЯ хариуцахгүй. Харин 2015 оноос хойш ХӨСҮТ дээр тандалтыг байнга явуулж байгаа. Надад ирсэн мэдээллээр “15-р сургуульд өвчтэй багшийг эрүүл гэдэг бичиг хийж өгөөд ажилд томилсон, нууцаар эм өгч эмчилж байна гэсэн мэдээлэл алга”. Харин эсрэгээрээ ХӨСҮТ -ийн тандалтын багийнхан тус сургууль дээр ажилласан, эцэг эхчүүдтэй зөвлөлдөж эмчлэх асуудал яригдаж байна гэсэн мэдээлэл байна. Багш нар эрүүл мэндийн даатгалаа төлдөг. Эрүүл мэндийн даатгалын сангаасаа төлбөрөө гаргуулж өөрсдийнхөө сонголтоор урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулах бүрэн бололцоотой болсон” гэв.