Тагнуулын Ерөнхий Газрын Дарга асан, хошууч генерал Б.Хурцыг албан тушаалаа урвуулан ашиглаж, шунахайн сэдлээр бусдыг дарамталсан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг хууль бусаар шалгасан, эрүүдэн шүүх аргаар бусдад хилсээр ял тулган хүлээлгэсэн гэх мэт үндэслэлүүдээр Эрүүгийн Цагдаагийн Газраас шалгаж буй билээ.
Шалгах явцдаа түүнийг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр ШШГЕГ-ын 461-р ангид албадан саатуулж буй юм. Б.Хурц шалгагдаж эхэлснээсээ хойш ямар ч мэдүүлэг өгөөгүй бөгөөд харин ТЕГ-ын дарга н.Гэрэлээс бичгээр зөвшөөрөл хүссэн.
Учир нь төрийн нууцын зэрэглэлтэй мэдээллийг мэдэж байгаа албан хаагч төрийн албанаас гарсан ч хоёр жилийн хугацаанд ямар ч хэлбэрээр нууц задруулахгүй гэсэн баталгаажих хуудсанд гарын үсэг зурдаг байна.
Иймээс ТЕГ-ын удирдлага Б.Хурцад зөвшөөрөл өгсөн аж.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар ТЕГ-ын дарга Б.Хурц С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг үнэн зөвөөр шийдсэн, Ц.Амгаланбаатар, Т.Содномдаржаа тэргүүтэй нэр бүхий ялтнууд нь С.Зоригийг хөнөөсөн этгээдүүд мөн, уг хэргийн захиалагчийг олоход тун дөхсөн байсан хэмээн өгүүлсэн бололтой.
Э.Мягмар
www.sonin.mn