Өнөөдөр Дуучин Хүрэлээ “Мөрөөдлийн зүг” тоглолтынхоо талаарх мэдээллийг түгээж, хэвлэлийн хурал хийлээ. Уг хуралд СГЗ Ү.Хүрэлбаатар, Найруулагч О.Найманжаргал, Дуучин Номинчимэг, яруу найрагч Д.Ган-Очир нар оролцов.
Дуучин Хүрэлээ “Миний хоёр дах шинэ цомгийн баяр, бие даасан тоглолт хоёрхон хоногийн дараа тайзнаа тавигдахад бэлэн болоод байна. Сурагч, багшийн, сургуулиа магтан дуулагдсан дуунуудыг албан ёсны эрхтэй, зөвшөөрөлтэйгээр авч шинэчлэн дуулж, цомгоо гаргалаа. Тоглолтод маань Гал-мандах сан хамтран ажиллаж байна. Мөрөөдлийн зүг хоёр дах тоглолтод урилгаар Цэцэг хамтлагийн С.Батболд, дуучин Номинчимэг, МУГЖ Насантогтох багш, Харанга хамтлагийн Чука ах нар оролцохоос гадна МҮОНТВ-ийн дэргэдэх улаан бүч бүжгийн хамтлаг оролцоно. Дандаа сурагч насны сайхан дурсамжийг өгүүлсэн уран бүтээл эгшиглэхээрээ онцлог болно. Тоглолтын нууцаас цухас задруулвал олон бэлгийн азтаныг тодруулахаар бэлтгэсэн байгаа” хэмээн тоглолтынхоо талаар сэтгэгдлээ хуваалцлаа.
“Мөрөөдлийн зүг” тоглолтын найруулагчаар ажиллаж байгаа О.Найман-жаргал “Дуучин Хүрэлээ өөрийнхөө хөдөлмөрөөр Оросын хотуудад тоглолт хийгээд явж байх үед танилцаж байсан юм. Энэхүү хөдөлмөрч залуу өнөөдөр хоёр бие даасан тоглолтоо хийж байгаа нь үнэхээр гайхалтай. Хүний мөрөөдөл хязгааргүй. Цаашдаа түүнээс дандаа шинэ уран бүтээл төрөн гарна. Дуучин, жүжигчин хүний чадварыг гаргасан тоглолт болно. Дуучин Хүрэлээ энэ тоглолтоороо дүр бүтээнэ. Хүн бүхний хамгийн жаргалтай, гэгээлэг мөч бол сурагч үе байдаг. А үсгийг анх багшаараа заалгаад сурагч болдог. Энэ мөчөөс төгссөн үе хүртлээ энэ концертоор аялах болно. Дуучид ар араасаа гарч ирээд цувраад дуулахгүй. Театрчилсан, зохиомжилсон хэлбэрээр тоглогдоно. Бүх хүнд байдаг нандин зүйлс, дурсамжаа эргэн санана гэж бодож байна. Мөрөөдлийн зүг тоглолтод найман настай хүүхдээс эхлээд оюутан залуус оролцоно. Хамгийн гол шүтээн болсон багш нарынхаа тухай магтан дуулж, сурагч насны үерхэл, хүүхэд цагийн сайхан үеэ эргэн дурсаасай гэж тоглолтод хүрэлцэн ирэхийг урьж байна” гэлээ.
СГЗ Ү.Хүрэлбаатар: Энэхүү тоглолт маань сэдэвтэй. Дунд сургуулийн нандин нөхөрлөл, үерхэл маш сайхан дурсамж болон хүний амьдралд үлдсэн байдаг. Арван жилд байсан үе бол бүгд адил. Яагаад гэхээр хөрөнгө мөнгө, алдар гавьяаны хувьд бүгд зөвхөн үерхэл, нөхөрлөл гэсэн ганцхан төвшин байдаг гайхалтай орчин. Бие даасан тоглолт гэдэг бол дуучин өөрийнхөө авьяас билгээ тайлагнаж байгаа том алхам, том ажил. Миний ажигласнаар дуучин Хүрэлээгийн нэг үе ид гарч ирж байна. Нөгөөтэйгүүр нэг шинэ соёлыг авч ирлээ. Би монгол дуу бүтээгчдийн зохиогчийн эрхийг хамгаалах хамтын удирдлагын байгууллага Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг /MOSCAP/-ийн захирлаар ажилладаг. Манай энэ байгууллагатай гэрээ хийсэн дуучин бол зөвхөн Хүрэлээ. Тоглолтоо хийхдээ зохиогчийн зөвшөөрлөө авч байж тоглолтоо хийдэг шинэ соёлыг түгээн дэлгэрүүлж яваа дуучныхаа “Мөрөөдлийн зүг” тоглолтод нь амжилт хүсье.
Яруу найрагч Д.Ган-Очир “Өнөөдөр сургуулийн сурагч нарт зориулсан тоглолт, арга хэмжээнүүд хомс байна. Чөлөөт цагаа тэд цахим орчинд өнгөрөөж муу зуршилтай болох, сөрөг мэдээлэл дунд байдаг болсон. Үүнээсээ түр холдож нэгэн үдэш ухаарлын, эрдмийн, багшийн тухай дуу, хуурд уярч өнгөрөөхийг уриалж байна.
Оюуны өмчийг дээдэлж, хүндэтгэсэн дуучин бол Хүрэлээ. Зохиогчийн эрхийг албан ёсоор авч дуулсан тоглолтоо хийх гэж байгаа нь бусад дуучид, уран бүтээлчдэдээ үлгэр дуурайлал болсон сайхан тоглолт болно гэдэгт би эргэлзэхгүй байна. 20-р зууны шилдэг сурагч насны дууг зохиогчийн албан ёсны эрхтэйгээр авч дуулаад тоглолтоо Галмандах сантай мөн хөгжмийн зохиолч Бэхбат ахтай хамтран ажиллаж байгаад нь баяртай байна” гэсэн юм.
Ташрамд дуулгахад, “Мөрөөдлийн зүг” тоглолт тавдугаар сарын 17-ны өдрийн 18:00 цагаас Улаанбаатар Паласын концертын их танхимд болно. Тоглолтын тасалбарыг 1900-1950 үнэгүй хүргэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 95108203, 88028203, 90118203 дугаарын утсаар холбогдон авах боломжтой.