ОХУ (хуучин ЗХУ)-д Дотоодыг хамгаалах яамны дээд сургууль болон академийг төгссөн ахмад мөрдөн байцаагчийн байр суурь:
Төрийн ордонд одоогоор ажилладаггүй сөрөг хүчний намын лидер Төрийн ордонд хуралд оролцоод гарахдаа амь насаа учир битүүлгээр алдсанд моринд хайртай монголчууд бид эмгэнэн гашуудаж байна.
Эхлээд би бодохдоо хэвлэлээр гарсан мэдээг үнэн зөв гэж итгэн, өвчний улмаас гэнэт нас барсан гэж ойлгож байлаа. Гэтэл шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүнтэй холбогдуулж АН-ын удирдлагуудын хийсэн мэдэгдэл, бусад холбогдох мэдээллийг үзэж сонсож нягтлаад, энэ хэрэгтэй холбоотой УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хийсэн хэвлэлийн хурлыг нягталж үзээд, мэргэжлийн хүний хувьд өөрийн байр суурийг хуваалцаж байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хэвлэлээр хийсэн мэдэгдэл нь түүнийг уг хэргийг гардан гүйцэтгэсэн байх маш өндөр магадлалтайг илэрхийлсэн криминалистикийн шинжлэх ухаанаар олон удаа туршигдаж батлагдсан том алдаанууд байгааг олж харснаа хуваалцаж байна. Иргэд ч дээрх бичлэгийг анхааралтай үзвэл миний хэлэх дараах зүйлүүдийг олж хараад, надтай санал нэгдэнэ хэмээн гуч гаруй жилийн ажлын туршлагадаа үндэслэн итгэлтэй байна.
Нэгд, Н.Номтойбаярын мэдэгдэлд дурьдсан цаг хугацаа, хэрэгтэй холбоотой нотлогдсон цаг хугацаа зөрөлдөж байна.
1. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бүлгийн хуралдаа 19:18 цагт орсныг ирц бүртгэлийн програм хурууны хээгээр бүртгэсэн байдаг. Үүнийгээ өөрөө ч батлан мэдэгдсэн.
2. УИХ-ын ишүүн Н.Номтойбаяр бүлгийн хурал руугаа зөвлөхтэйгээ хамт өрөөнөөсөө гараад хурлын танхим руу шууд алхаж очсон гэж мэдэгдсэн юм. Гэтэл Н.Номтойбаяр гишүүний өрөө, бүлгийн хурлын танхим аль аль нь нэг давхарт, ойролцоо байрладаг бөгөөд шууд алхаж очиход дундаж алхаагаар 1-2 минут зарцуулахаар байдаг. Ингээд бодоход өрөөнөөсөө хамгийн эрт цаг хугацаагаар тооцож үзэхэд 19:16 цагт гарсан байж таарна.
3. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр талийгаачийг өрөөнөөсөө гарсны дараа 3-4 минутын дараа зөвлөхтэйгээ хамт хурлын танхим руу гарсан гэж мэдэгдсэн. Ингэж үзэхээр Н.Номтойбаярын өрөөнөөс талийгаач 19:12 цагт гарсан болж таарна.
4. Төрийн ордны харуулын албанд 19:09 цагт хүн нас барсан байдалтай олдлоо гэсэн мэдээлэл иржээ. Тэгэхээр золгүй явдал 19:09 цагаас өмнө болсон байж таарлаа. Гэтэл энэ цаг нь Н.Номтойбаярын мэдэгдлээс харвал талийгаач түүний өрөөнд хамт байсан цагтаа давхацаад байгаа нь Н.Номтойбаярын мэдэгдэлд байгаа ноцтой алдаа юм.
Хоёрт, Н.Номтойбаяр мэдэгдэлдээ уг хэрэгтэй холбоотой нарийн ширийн мэдээлэл (деталь) их оруулж тайлбарлалаа. Үүнд:
1. Уг хэргийг “золгүй явдал” гэж өөрөө тодорхойлсон бөгөөд өмнө нь буюу хөндлөнгийн нөлөөгүй гэж үзэж байсныг үгүйсгэсэн мэдэгдэл болсон. Энэ хэргийг хөндлөнгийн нөлөөтэй гэж мэдэж буй хүн л ийн тодорхойлох боломжтой.
2. Мөн талийгаачийг жин их хассан, нүүрний судас нь улайлттай байсан, эмчилгээ хийлгэж байгаа гэх мэт бүх зүйл өвчнөөс болсон мэтээр ойлгуулахыг хүссэн мэдэгдэл хийсэн байдаг. Гэтэл хэрэг явдлаас хэдхэн минутын өмнө хамт хуралдаж байсан бусад хүмүүсийн хэн нь ч ийм байдал ажиглаагүй гэдгээ илэрхийлсэн.
Хэрэг хийгээд булзайруулах гэсэн хүн л иймэрхүү нарийн деталь ашиглаж өөрийгөө хамгаалах оролдлого хийдгийг криминалистикт маш тодорхой заасан байдаг.
Эцэст нь хэлэхэд социализмын үед ч, баруунд ч хүний амь эрсдсэн үед хамгийн сүүлийн уулзсан этгээд, гэрчийг хэргийн хангалттай баримт олдтол нийгмээс тусгаарлан шалгадаг практик байдгийг хууль хяналтын байгууллагынхан мэдэх учиртай. Төмөр Очир, С.Зориг нарын улстөрчдийн амь насыг хохироосон хэргийг одоо болтол илрүүлээгүй гашуун сургамжид дүгнэлт хийж, шинжлэх ухаан техник хөгжсөн өнөө үед энэ алдаа дахин давтагдахгүй гэж найдаж байна. Дахин ийм алдаа гарахгүй байх асуудалд мөрдөн байцаах мэргэжлийн үйл ажиллагаанд улс төр, бизнесийн нөлөө орохгүй байх нөхцөлийг төрийн өндөрлөгүүдийн зүгээс анхааралдаа авч, бизнесийн нөлөө орохгүй байх нөхцөлийг төрийн өндөрлөгүүдийн зүгээс анхааралдаа авч, хангах үүрэгтэй. Зориг агсны хэргийг илрүүлэхэд гадны экспертүүдийн туслалцаа тэр дор нь аваагүйн улмаас энэ хэрэг илрэлгүй он удаан жил сунжирч, өнөөдөр ч эргэлзээ арилаагүй л байна. Иймээс энэ хэрэг дээр ч гадаадын өндөр мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа, техникийн туслалцааг маш яаралтай авах шаардлагатай. Төрийн ордонд болсон улс төрчийн амийг бүрэлгэсэн хэргийг богино хугацаанд илрүүлэхгүй юм бол хууль хяналтын байгууллагад өргөн уудам нутагтаа тархан суусан монголчууд бид цаашид яаж итгэх билээ.
эх сурвалж: time.mn