2019 оны зургадугаар сарын 4-ний үдэш. Төв телевизийн шууд эфир. Өдөр бүр телевиз, сонин, сайтаар үзэгдэж байдаг олноо “поп” хэмээн алдаршсан УИХ-ын гурван гишүүн суудлаа эзэлсэн гарч ирэв.
Тэд саяхан УИХ-аас байгуулсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар ОУПХ-ны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооны гишүүнээр ажиллаж буй Ж.Батзандан, Лу.Болд, А.Сүхбат нар юм.
С.Зоригийг хөнөөсөн хэргийг эрүүдэн шүүлтээр хүлээсэн гэгдэж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллуулахаар явж байгаа талаараа тэд ярихаар Төв телевизэд саатжээ.
Гэтэл оролцож буй шууд нэвтрүүлгийнхээ дундуур сар гаруйн өмнө УИХ-ын гишүүд, дараа нь сэтгүүлчид, олон нийтийн байгууллагынхан үзээд пөөх, паах болоод байсан эрүүдэн шүүсэн бичлэгийг цацаж орхив. Тайлбарыг нь өөрсдөө хийнэ лэ.
Тэр бичлэгийг эрхэм гишүүд, ХЗДХЯ, хүчний байгууллагуудын хүсэлтээр нэвтрүүлснээ Төв телевизийн удирдлагууд цахим сүлжээгээр мэдэгдсэн байна.
Гэвч эрүүдэн шүүж байгаа тухай бичлэгийг ингэж нийтэд цацсаны хор хохирлыг тооцож, харж чадсан эсэх нь эргэлзээтэй болж байна. Учир нь эрүүдэн шүүснийг харуулсан гэх уг бичлэг Төв телевизээр цацагдсанаас хойш шөнөдөө л цахим сүлжээг нэлд нь эзлэв. Мэдээллийн бараг бүх сайт энэ бичлэгийг шууд тавьжээ. Бас нутаг ус, нас хүйс, мэргэжил сонирхлоороо нэгдэн байгуулсан пэйж хуудсуудыг ч үлдээсэнгүй. Хамгийн аюултай нь өсвөр үеийнхэн буюу хүүхдүүдийн пэйжэд өнөөх бичлэг хагас өдрийн дотор 600 гаруй мянган үзэлттэй болсон байна.
Бас бичлэгийг үзсэн жирийн иргэдэд маш таагүй сэтгэгдэл төрүүлсэн гэдгийг шуудхан хэлчихье. “…Яасан гоё юм үзчихэв ээ, ёстой гоё” гэх хүнтэй Ж.Батзандан, Лу.Болд, А.Сүхбат нар таарахгүй нь мэдээж.
Бичлэг дэх хоригдлуудын хэрэглэж буй энэ зуунд, өнөөгийн ертөнцөд хэрэглэх аргагүй муу үгс, араатнаас л гарам авир зэрэг МҮОНВ-ээр нэвт нэвтэрлээ. Тэнд гардаг “Л….” гэдэг үгийг хэн хаана хэрэглэдгийг бид мэднэ. Бас тэр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг дарамталж байгаа гэх үйлдлийг ингэж харуулах нь хэр зөв байсан бэ.
Нэвтрүүлэг цацагдсан үдшийн яг тэр цагт айлууд амрахаар бэлдчихсэн, халуун бүлээрээ гэртээ байдаг үе. Өөрөөр хэлбэл, тэр бичлэгийг хүүхдүүд ч үзчихсэн гэсэн үг.
Хүүхдүүдийн ой ухаанд ийм адгууслаг үйлдлийн сурталчилсан мэдээлэл яаж буух бол оо?!
Ядаж урьдаас анхааруулгатай, эсвэл бичлэгт гарч буй хүмүүсийн хэлж ярьж байгааг дарж арилгаж байж цацах ёстой юм.
ХЗДХЯ, ШШГЕГ-ынхан хоригдлуудыг нийгэмшүүлэх ажил гэж байнга ярьдаг. Ер нь бол тэрхүү эрүүдэн шүүсэн гэх бичлэг нь үндсэндээ хүчирхийллийн сурталчилгаа болсон юм. Хүчирхийллийг сурталчилж түгээхгүй байхыг ч Цагдаагийн байгууллага хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдэд байнга сануулж ирсэн. Хуулиар ч хориотой.
Гэтэл энэ гурван “поп” гишүүн Төв телевиз рүү нийгмийг айдас хүйдэс, хамгийн гол нь харгислал, хүчирхийллийг сурталчилсан ийм бичлэг барьж очоод, тэрийг нь Төв телевз түгээгээд сууж байгааг эрүүл ухаанаар ойлгоход хэцүү.
Монголд яах гэж хууль хүчний байгууллага байдаг юм бэ. Яах гэж тагнуул, цагдаа, прокурор, шүүх байдаг вэ. Хэрвээ аливаа асуудлыг олон нийтэд заавал харуулж байж дараах шийдвэрийг гаргах ёстой юм бол дээрх байгууллагыг байлгах хэрэг бий юм уу.
Хууль шүүхийн байгууллагууд энэ мэтийг л засч залруулах гэж, хянаж цагдаж, шүүх гэж байдаг юм. Нэг үгээр тэд шударга байгаад, ажлаа ном ёсных нь дагуу хийгээд шийдэх ёстой хэрэг юм.
Мэадээж хэрэг, өнөөдрийн нийгэмд ийм бусармаг явдал, эрүүдэн шүүлт, хүний эрхийн зөрчил байна гэдэг байж боломжгүй үйлдэл юм. Таслан зогсоох ёстой.
Харин тэртэй тэргүй хар бараанаа дийлэхээ больчихсон нийгмийг ийм мэдээллээр нэмж балбаад байх нь улстөрчдийн хийх ёстой ажил мөн үү.
Үүнээс гарах хор хохирол нь жилийн дараа болох сонгуулийн дүнгээс нь шал өөр юм шүү.
Тиймийн учир ингэж нийгэмд хортой мэдээлэл цацаж, тэр дундаа Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн тархи руу хор цацсан “поп”-уудын үйдлийг даврааж хэрхэвч болохгүй юм.
Эх сурвалж: www.polit.mn