Дипломат пасспорттой Монгол Улсын хоёр иргэн өнгөрсөн тавдугаар сарын 3-нд Германы Дрезден хотын шалган нэвтрүүлэх постоор 70 кг хар тамхи нэвтрүүлэх гэж байхдаа баригдсан талаарх мэдээлэл энэ салбарын дуулиан болсон.
Дээрх хоёр иргэн нь Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо суух дэд консул Н.Баттүшиг, жолооч Н.Эрдэнэбилэг нар байсан бөгөөд Чех улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман улс руу дипломат дугаартай автомашинтай нэвтэрч байхдаа саатуулагдсан нь ил болсон ч Гадаад харилцааны яамнаас тухайн дипломат ажилтны нэрийг хэлэх боломжгүй гэсэн өчүүхэн тайлбар өгч байсан юм. Мэдээллийн мөрөөр орсон хэвлэлийнхэн ч мөд удалгүй Гадаад харилцааны яамны “Нууц”-ыг дэлгэж эхлэхэд салбарын сайд Д.Цогтбаатар сандарч хэвлэлийн хурал хийж “гэмээ цайруулахдаа” эрт урьдны нэгэн төлөвлөгөөгөө санан Истанбулын дуулиантай хольж мэдээлсэн нь Хөх хот дахь Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой “асуудал”.
Товчхондоо сонгуулиар сайн ажилласан гишүүнээ шагнаж урамшуулахын тулд зохиомол асуудлыг шат дараалан явуулж үүнийгээ дуулиант хэргүүдийн үеэр “Сэвж” олны анхаарлын төвд оруулах, улмаар “Хариуцлага тооцож” өөрийнхөө хүнийг томилох асуудал яригдаж энэ төлөвлөгөө ч 2017 оноос эхлэн хэрэгжиж байгаа аж. Хөх хот дахь Ерөнхий консулыг эл мэхээр татаж оронд томилогдохоор өдөр хоногийг тоолон “Хоолондоо орохоор” хүлээж байгаа дараагийн хүн нь МАН-ын гишүүн С.Батхуяг.
С.Батхуяг гэж хэн бэ?
С.Батхуяг нь МАН-ын гишүүн. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны гишүүн юм. Тэрбээр МАН-ыг мандаж байх үед Иргэдийн хурлын дарга байсан, одоогийн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг 2008-2011 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга байхад, Сү.Батболдыг 2008-2009 онд Гадаад харилцааны яамны сайд байхад нь “Сүхбаатар фракц”-аас томилогдон Эрээн хотод консулаар ажиллаж байсан.
Найзын нөлөөгөөр консул болсон даруйдаа визний наймааны хэргээр асуудал үүсгэн нөхдийнхөө чихийг чамгүй халууцуулж нүүрийн нь шарж байсан нөхөр. Түүнийг өнгөрсөн сонгуулиар хүчин зүтгэж сайн ажилласан тул Хөх хот дахь Ерөнхий консулын газрын Ерөнхий консулаар “Шагнах”-аар болж сайн найзын амлалтаа биелүүлэх боломжийг эрэлхийлж буй нь энэ.
С.Батхуягийн хувьд тэтгэвэрт гарахын өмнөх амралтаа Хөх хотод хийх нь тэнгэрийн умдаг атгасан л гэсэн үг. Бас ч үгүй өвөрлөгч хүргэндээ ойртож, хамтран ажиллах нь улстөрийн карьер нь энд хүрээд өндөрлөж буй түүнд ашигтай ч, өгөөжтэй ч биз. Ер нь үүнээс улбаалаад эрх баригчдад хатуухан үг дайхад дипломат алба гэдэг хэн нэгэн албан тушаалтны амралтын дамжин өнгөрөх зочид буудал, шагналын бай биш, үе нь дуусаж, гавьяаныхаа амралтыг эдлэх болсон өвгөдийн сувилгааны газар ч биш юм. Харин ард иргэдийнхээ төлөө шударгаар өдөр шөнөгүй ажиллах ачааллыг даах чадвартай, авхаалжтай, боловсролтой залуусаа дэмжих нь зүйтэй гэдгийг хэлье.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урамшууллын систем
Монгол Улсын Гадаад харилцаа яг үнэндээ урьд хожид байгаагүй уналтын цаг үедээ явж байна. Учир нь энэ салбарыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар намын, найз нөхдийн урамшууллын систем болгон өөрчилсөн учраас…
Тухайлбал, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар туслахаараа ажиллаж байсан Б.Мөнхтүшигийг Лондон дахь ЭСЯ-нд атташегаар томилсон. Тэр ч бүү хэл түүнийг улстөрд хөтөлж, хөлийг нь дөрөөнд хүргэсэн сайн ах Ерөнхий сайд асан Сү.Батболдын хувийн жолооч Ц.Сумъяадоржийг Шанхай дахь ЭКГ-т аж ахуйн эрхлэгч-жолоочоор томилсон байдаг юм.
Д.Цогтбаатарын хэрээс хэтэрсэн гайхалтай томилгоонуудын нэг нь Оттава дахь ЭСЯ-ны III нарийн бичгийн дарга Б.Тэлмүүнийг Вашингтон дахь ЭСЯ руу, Бишкек дэх ЕКГ-ын консул С.Энхбатыг Астана дахь дахь ЭСЯ-нд I нарийн бичгийн даргаар шууд шууд шилжүүлчихсэн гэх мэтээр Гадаад харилцааны салбар Д.Цогтбаатарын хувийн компанийн халаа сэлгээ шиг л хөвөрч байна.
Гэсэн атал БНТУ-ын Истанбул дахь Ерөнхий консул Э.Мөнх-Очирыг дөрөвдүгээр сарын эхээр дуудсан ба одоогоор орлон гүйцэтгэгчийг нь томилоогүй, Өмнөд Солонгост суугаа ЭСЯ тэргүүнгүй гэх мэтээр эзэнгүй суудлууд олон ч Д.Цогтбаатарын таалалд нийцээгүй л бол сул байх эсэх нь хамаагүй бололтой. Тиймээс гадаад харилцаанд нүүрлэсэн эл урамшууллын системийг таслан зогсоож Д.Цогтбаатараас хариуцлага нэхэх цаг болжээ.