Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанд оролцох ёстой 45 төлөөлөгчөөс 38 төлөөлөгч оролцож, 87 хувийн ирцтэйгээр эхлэв. Хурлын дарга С.Амарсайхан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдсон тул хуралдааны дэгийн дагуу хурал даргалагчаар төлөөлөгч Б.Батнасанг санал болгож даргалуулав.
Хурал даргалагчийн зүгээс 2019 оны 01 сарын 16-ны өдөр хуралдсан НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар хэлэлцэх асуудлыг шийдвэрлэсэн үндэслэлээр тус хуралдааныг хаасныг мэдэгдэв.
Үүний дараа хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай, НИТХ-ын даргыг сонгох тухай, нийслэлийн зарим нутаг дэвсгэрийг орон нутгийн хамгаалтад авах тухай, нийслэлийн бүртгэлтэй авто тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэхээр болов.
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу НИТХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг НИТХ-ын Ажлын албаны дарга бөгөөд Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Батбямба танилцуулав. Тэрбээр Монгол Улсын нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 23 дугаар захирамж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдсонтой холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг үндэслэн тус асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг НИТХ-д хандан хүслээ.
Төлөөлөгчдийн зүгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханаас НИТХ-ын даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх болсонтой холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа.
Төлөөлөгч Э.Бат-Үүл “Нийслэлийн төсвөөс гэр хорооллыг барилгажуулахад зориулан баталсан 20 тэрбум төгрөгийг буцаан татсан. Үүнийг төсвийн тодотгол байдлаар шийдвэрлэх боломж бий юу. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг шийдвэрлэх үү. Мөн та иргэншсэн хотын дарга шиг ажиллаарай. Манай зарим дарга нар шиг ажлаа аваад, өрөө тасалгаагаа засварладаг, тавилгаа сольдог байдлыг болих хэрэгтэй” гэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Э.Бат-Үүл төлөөлөгчийн асуултанд хариулья. Нэгдүгээрт 2019 оны нийслэлийн төсөвт гэр хорооллын дахин төлөвлөлтийг хөгжүүлэх, орон сууцны төслүүдийг эрчимжүүлэх, иргэдийг орон сууцжуулахад чиглэгдсэн хөрөнгө тусгагдсан. Энэ хүрээнд бие даасан дэд бүтэц болох “Сервис центр” буюу хэсэгчилсэн байдлаар гэр хорооллын айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбох хэлбэрээр хэрэгжүүлж байгаа. Энэ ажлыг цааш нь эрчимжүүлнэ. Олон дүүргийн олон хороодод энэ ажлыг хэрэгжүүлэх ёстой. Эхнээсээ ашиглалтад орж, үр дүнгээ өгч байгаа. Богино хугацаанд аль болох олон айлыг дэд бүтцэд холбох ажлын хийнэ. Монгол Улсын Засгийн газар, Сангийн яамнаас төсөвт тодотгол хийхгүй гэдэг асуудал яригдсаар ирсэн. Гэхдээ хууль журмын дагуу холбогдох дээд шатны байгууллагууд руу, Сангийн яам руу хандах, мөн орон нутаг өөрийн эрх мэдлийн хүрээнд төсвийн тодотголыг хийх зайлшгүй шаардлага гарлаа гэж үзвэл хэрэгжүүлнэ гэж бодож байна. Хоёрдугаарт та өрөө тасалгааны тухай асууж байна, иргэншсэн хотын дарга байж чадах уу гэлээ. Бид энд тэндээс ирсэн, иргэншээгүй зэрлэг хүмүүс гэж бодохгүй байна. Монгол Улсын нийслэлийг хөгжүүлэхийн төлөө иргэдээс сонгогдсон, цаг хугацаатай уралдан нийслэл хотоо хөгжүүлэхийн төлөө анхаарч ажиллаж байгаа төлөөлөгчид та бид. Миний хувьд өрөө тасалгаандаа засвар хийгээд, элдэв үнэтэй тавилга авах зүйл байхгүй. Би өрөөгөө солихгүй, одоо байгаа өрөөндөө ажлаа үргэлжлүүлнэ. Миний өрөөний тавилга, эд зүйл энгийн бөгөөд ажил хэргийн, албан оффисийн шаардлагад нийцсэн тавилга. Та бид биендээ хүндэтгэлтэй хандах ёстой гэж ойлгодог” гэв.
Төлөөлөгч Ц.Баатархүү “МАН-ын 2016-2020 оны сонгуулийн жилд амласан амлалтыг нийслэлчүүд С.Амарсайхан дарга танаас нэхэх болно. Таныг Нийслэлийн хоёр том хариуцлагатай албан тушаалыг сэлгэж суусан хүн гэж ойлгож байгаа. Эрх баригч МАН-ын мөрийн хөтөлбөрийг танд эргэн сануулья. Та мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах ёстой. Танд амжилт хүсье” гэлээ.
Төлөөлөгч Ц.Одонтунгалаг “С.Амарсайхан дарга та нийслэлийн Засаг даргын хүндтэй бөгөөд хариуцлагатай ажлыг хүлээн авч байгаад амжилт хүсье. Нийслэлийн Засаг даргын тамгын газын эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй ханддаг албан тушаалтнуудтай хариуцлага тооцож ажиллаарай. Сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, сурагчдын чанар хүртээмжийг сайжруулах тал дээр анхаарч ажиллаарай” гэсэн бол төлөөлөгч Н.Батсүмбэрэл “Нийслэлийн албан байгууллагуудад хийгдэж байгаа шалгалтыг чанаржуулж, үр дүнтэй нь холбож, засаарай, хариуцлагагүй ажиллаж байгаа, ажилдаа эзэн болж чадахгүй байгаа албан тушаатнуудыг ажлаас нь чөлөөлөөрэй. Нийслэлд болохгүй бүтэхгүй байгаа албан газрууд цөөнгүй байна. Үүнд анхаарч ажиллаарай. Мөн Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарах, хувийн хэвшлийнхэнийг хотын хөгжилд татан оролцуулах чиглэлд тодорхой ажлуудыг санаачлан хэрэгжүүлээрэй гэж хэлэх байна.
Төлөөлөгч П.Баярхүү “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиа УИХ-аар батлуулах ажлыг яаравчлаарай. Бидэнд сайн төлөвлөгөө, боловсруулсан цаас олон бий, гагцхүү хөрөнгө мөнгөний асуудлаас болоод шийдвэрлэгдэж чадахгүй байгааг та мэдэж байгаа. Энэ асуудалдаа анхаарч ажиллаарай. Нийслэлд 50 сервис центр барих төлөвлөгөөтэй байгаа. Үүнийг ажил хэрэг болгоход анхаарч өгөөрэй” гэсэн саналыг илэрхийлэв.
Үүний дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханыг НИТХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөхийг төлөөлөгчдийн 74 хувийн саналаар дэмжлээ.
Хуралдаан үргэлжилж, НИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж эхэллээ.