Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIII хуралдаан 67 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын үйл ажиллагааны санхүүжилтийн түр журам, зардлын тариф батлах, Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн ажлын явцын мэдээлэл хийх, мөн Засгийн газрын 100 дугаар тогтоолын дагуу нийслэлийн бүтцэд өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлыг хэлэлцэх тухай нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва танилцуулав. Хэлэлцэх асуудлыг төлөөлөгчид баталсанаар хурал эхлэллээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын үйл ажиллагааны санхүүжилтийн түр журам, зардлын тариф батлах тухай асуудлыг танилцуулав..
Нийтийн тээврийн салбарын тухайд өнөөдрийн байдлаар парк шинэчлэлийн асуудал хүндрэлтэй, хүртээмж болон үйлчилгээний чанарыг сайжруулахад анхаарах нь чухал байгааг нөхцөл байдлаас шууд харж болно. Иймд энэхүү журамд зохицуулалт оруулснаар нийтийн тээврийн үйлчилгээний чанар стандартыг мөрдүүлэх, тав тухтай аюулгүй зорчих нөхцөлийг сайжруулах, нийтийн тээврийн бүх үйлчилгээг цахим картаар явуулдаг болох давуу талтай гэдгийг онцлов. Мөн үйлчилгээг сайжруулснаар иргэд нийтийн тээврийн үйлчилгээг түлхүү сонгож, улмаар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачаалал буурахад онцгой нөлөөлнө гэж дүгнэж буйг тодотгов.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нийслэлийн ИТХ-ын АН-ын бүлгээс нийтийн тээврийн салбарын санхүүгийн асуудалд өөрчлөлт хийж ажиллах бус салбарын бүтэц болон парк шинэчлэл хийх, ажиллах боловсон хүчинг чадавхжуулах зэрэг томоохон өөрлөлт хийх нийгмийн шаардлага буй. Иймд асуудлыг илүү боловсронгуй судалж дараагийн хуралдаанаар хэлэлцэхийг санал оруулав.
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIII хуралдаан эхний асуудлыг хэлэлцэн үргэлжилж байна.