Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар нийтдээ 12 асуудал хэлэлцэн, холбогдох шийдвэрийг гаргалаа. Хэлэлцсэн зарим асуудлыг тодруулбал, 2015 онд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 125 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн ТУЗ-ийн үйл ажиллагааны журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв. Одоогийн хэрэгжиж буй журмаар тус корпорацийн ТУЗ-ийн гишүүнд нийслэлийн төлөөллийг нэр дэвшүүлэх томилох асуудал удаашралтай байгаагаас шалтгаалж ТУЗ-ийн ирц бүрдэхгүй, хуралдахгүй байгаа гэнэ. Иймд Тэргүүлэгчид хэлэлцээд тус журмын 3.1.1 болон 5.1.2 дахь заалтыг тус тус хасахаар шийдвэрлэв. Үүний дараа эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан 305 иргэнийг төрийн дээд цол, одон медаль шагналд тодорхойлох асуудлыг хэлэлцэн, уламжлахаар болов. Мөн өнөөдөр Тэргүүлэгчид “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ын шинэчилсэн найруулгыг нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэр гаргажээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн танилцуулснаар нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай, гар дээрээс худалдаа эрхэлдэг зөрчлийг энэхүү шинэчилсэн журмаар цэгцэлж, стандартын шаардлагыг хангасан нөхцөлд худалдаа, үйлчилгээ эрхлэх нөхцөл боломж бүрдүүлэх аж. Тус журмыг нийслэлийн ИТХ-ын ээлжит XXV хуралдаанаар хэлэлцэнэ.