Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өмнөх хурлаар гудамж, талбай дахь сурталчилгааны самбарыг цэгцлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж Улаанбаатар хотын гудамж талбайд байршуулсан зар сурталчилгааны самбаруудтай холбоотой мэдээлэл сонсож, цаашид авах арга хэмжээний талаар ярилцлаа.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын хэлтсийн гадна зар сурталчилгааны асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Билгүүний мэдээллэснээр нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр самбар байршуулах, гэрээ байгуулсан хэдий ч төлбөрөө төлөхгүй байх зөрчил цөөнгүй аж. Мөн иргэд аж ахуй нэгжүүд хориглосон бүсэд гадна сурталчилгааны самбар байршуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналтын камер, дохио тэмдэг халхлах, дэд бүтцийн шугам сүлжээ хааж самбар байршуулах зөрчил элбэг гардаг гэнэ. Түүнчлэн барилгын аюулгүй байдал, өнгө үзэмжийг алдагдуулсан байгууламжууд байршуулах, тохижилт, ногоон байгууламжийг сүйтгэж, түүнийгээ сэргээн засварладаггүй, хаяг хаягийн байгууламжид тавигдах шаардлага хангахгүй байх зэрэг нийтлэг зөрчлүүд гардаг ажээ.
Улаанбаатар хотод өдгөө тулгуурт сурталчилгааны байгууламж 139 байгаагаас 10 нь камер халхалсан, хоёр нь замын зурваст орсон учраас зургаадугаар сарын 1-ний өдөр буулгахаар төлөвлөөд байгаа гэнэ. Тэгвэл орон сууцны дээврийн орчимд байршуулсан байгууламжуудаас 12 нь л зөвшөөрөл авсан байдаг бол бусад нь СӨХ-тойгоо тохиролцоод байршуулчихсан аж. Хуучин барилгуудын дээвэр муудсан учраас самбар байршуулах нь иргэдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх магадлалтай учраас цаашид Захирагчийн ажлын албанаас зөвшөөрөл өгөхгүй байхаар шийдвэрлэсэн байна. Цаашид зөвшөөрөлгүй болон СӨХ-тэй тохиролцон байршуулсан самбаруудыг буулгахаар шийдвэрлэсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор Сууц өмчлөгчдийн дээд зөвлөлд журмын хэрэгжилтийг хангуулж, эдгээр зөвшөөрөлгүй сурталчилгааны байгууламжуудыг буулгах асуудлыг СӨХ-нууддаа хүргүүл гэсэн албан бичиг өгөөд байгаа аж.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 онд баталсан журамд Улаанбаатар хотын 10 гудамжинд зар сурталчилгааны тулгуурт байгууламж байршуулахыг хориглох бүсийг тогтоосон байсныг 2017 онд 12 гудамж болгон өргөтгөсөн байна. Тодруулбал, Наадамчдын гудамж, бага тойруугаас дотогш бүх гудамжийг тулгуурт байгууламж байршуулахыг хориглосон бүсэд оруулдаг байна.
Тэгвэл 2018 онд Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 177 дугаар тушаалаар 11 гудамжинд байршуулсан зөвшөөрөлгүй, зөрчилтэй 431 хаяг хаягийн байгууламж, 473 хулдаасан хэвлэл, 181 түр самбар, тулгуурт 20 байгууламжийг албадан буулгажээ. Харин энэ онд 13 гудамжинд 103 мэдээллийн байгууламж, 30 хулдаасан хэвлэл, 15 түр самбар, 23 тулгуурт байгууламжийг буулгажээ.
Ажлын хэсгийн ахлагч, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл хурлын үеэр “Улаанбаатар хотын гудамж талбайд нийгмийг сайн сайханд уриалсан, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хүчирхийллийн эсрэг, хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийг ойлгуулах агуулгатай самбар бараг байхгүй. Бүгд аль нэг байгууллага, хувь хүний бизнесийн үйл ажиллагааг сурталчилсан самбарууд байдаг. Тиймээс цаашид энэ тал дээр анхаарч ажиллана гэсэн юм. Нөгөөтэйгүүр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар тус журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх учраас өөрчлөлтөд тусгах саналаа нэгтгэн ирүүл” гэсэн юм.
Ажлын хэсгийн хурлаас гурван чиглэл бүхий үүргийг холбогдох хүмүүст өгөв. Тодруулбал, энэ сарын 30-наас ирэх сарын 3 хүртэлх хугацаанд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, хүчирхийллийн эсрэг, хар тамхины хор хөнөөлийг бууруулах агуулга бүхий мэдээлэл, сурталчилгааг гэрээтэй самбаруудад байршуулахыг үүрэг болголоо. Мөн нийслэлийн иргэд, аж ахуй нэгж байгууллагуудаас буулгах самбарын саналыг хүлээн авна гэсэн зарыг хэвлэл мэдээллийн хэрэглэлээр түгээж, буулгах шаардлагатай сурталчилгааны байгууламжийн жагсаалтыг гарган танилцуул гэсэн үүрэг өгсөн.
Дашрамд дурдахад сурталчилгааны самбар байршуулсны төлбөрт 2017 онд 320 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлжээ. Тэгвэл 2018 онд 800 сая төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс 820 сая төгрөг төвлөрүүлжээ. 2019 он гарсаар 54 сая төгрөг төвлөрүүлээд байгаа аж.
Н